УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар, 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байх ёстой
Шинээр байгуулагдах Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагаанд тавигдах шаардлагын асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг санал дүгнэлтээ гаргаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй уулзаж,бодлогын хүрээнд хийгдэх ёстой асуудлаар санал солилцсоны үндсэн дээр УИХ-ын чуулганд ямар байр суурьтай орох вэ гэдээ шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шинэ Засгийн газар хамгийн нэгдүгээрт бодлогын Засгийн газар байх ёстой. Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал 2030 он гээд том үзэл баримтлалыг улс төрийн намуудтай хамтарч баталсан. Үүнд нийцсэн бодлогыг шинэ Засгийн газар зайлшгүй хийх ёстой. Харин том бодлого байхгүй жижиг зүйлээр оролдоод жижиг улс төр хийгээд, бие биеэ үзэн ядаад байвал энэ Засгийн газрын хувь заяа өмнөх унасан Засгийн газрын хувь заяа хоёр ижил болно. Тиймээс шинэ Засгийн газарт одоо ажиллах орон зай болоод хугацааны хувьд боломж нь бүрэн байгаа учраас шинэ Засгийн газарт тавигдах шаардлагуудыг нэр дэвшигчид санал болгож, тавина. Нийтлэг шаардлагуудаас гадна Засгийн газрын бүтэцийг Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэмжээнд тавигдах шинэ бүтэцийг заавал явуулах ёстой гэдэг саналыг ярилцана.
Засгийн газрын бүрэлдэхүүнд ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч сайд байж болохгүй
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч сайд байж болохгүй. Болж өгвөл “давхар дээл” өмсөхгүй байх хэрэгтэй. Засгийн газар өөрөө гүйцэтгэх байгууллагын хувьд тусдаа УИХ-аас гарсан бодлого шийдвэрийн хүрээнд ажиллах бүрэн чадамжтай байх ёстой. Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн тулгамдсан асуудал байна. Тухайлбал, 2018 оны төсөвтэй холбоотой заалтууд. Засгийн газар бүтэцийнхээ шинэчлэлийг хийж чадвал төсвийнхөө шинэчлэлийг ч хийж чадна. Төсөвтэй холбоотой анхаарах хэд хэдэн асуудал бий. Төрийн захиргааны албаны данхайсан орон тоог цэгцлэх, төрийн албан хаагч болоод багш, эмч нарын цалингийн дундаж хэмжээ өрхийн хэрэглээнд хүрэхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй болгох боломжийг Засгийн газар зайлшгүй судлаж, төсөвт суулгаж өгөх ёстой. Түүнчлэн бидний нийгмийн хөгжлийн ганц баталгаа болж ирсэн хүүхдийн мөнгийг бүгдийг олгох асуудал дээр Засгийн газар байр сууриа тодорхой болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгө биш. Харин хүүхдийн мөнгө “Монгол Хүн”-ий хөгжлийн мөнгө. Тиймээс ч үе үеийн Засгийн газрын уламжлалыг шинэ Засгийн газар таслах ёсгүй.
Баялагын хуваарилалтын тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжинэ
Намрын чуулганаар хэд хэдэн бодлогын шинэжтэй хуулиуд хэлэлцэнэ. Үүнд:
-2018 оны төсөвтэй холбоотойгоор цөөнхийн дуу хоолойгоо тодорхой илэрхийлэх шаардлага үүсч байгаа. Ялангуяа нийгмийн хангамж, цалин урамшууллын асуудал дээр тодорхой заагтай олгох боломж нь шинэ Засгийн газарт байгаа.
-Үндсэн хуультай холбоотойгоор ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн байр суурин дээрээ байгаа. Үндсэн хууль нийт ард иргэдийн ойлголцол, улстөрийн намуудын зөвшилцөл дээр батлагдах ёстой. Түүнээс үнэмлэхүй олонхийн шууд шийдэл дээр батлагдах ёсгүй.
-Банк санхүүгийн систем өөрчлөгдөх хуулиудыг хэлэлцэхээр байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын, Монгол Банкны тухай хууль зэрэг хуулиуд дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг маш тодорхой байр сууриа илэрхийлнэ.
-Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор төрийн албаны мэргэшсэн байдалд онцгой анхаарах ёстой. Төрийн алба хаагчдын нийгмийн баталгаа болоод цалингийн асуудалд бол маш чухал.
-Ерөнхийлөгчийн санаачилсан Баялагын хуваарилалтын тухай хуулийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарч оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн. Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөхөд монголын баялагийг хэрхэн зөв шударга хуваарилах вэ гэдэг хуулийг боловсруулж байгааг бид дэмжиж байгаа.
Д.Эрдэнэбат: Эрх баригчид багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай
Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхий сайдад нэр дэвшигч байнгын хорооны хурал дээр багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэсэн. Энэ асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Учир нь энэ асуудал зүгээр л багш нарын цалингийн тухай асуудал биш. Монгол Улсын шинэ үеийг бэлдэхэд буюу суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх ёстой вэ гэдэгт асуулга өгч байгаа зүйл гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Мэдээж цалинг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байхгүй. Гэхдээ шинэ үеэ бэлдэхэд нөхцөл бололцоо, ур чадварыг бий болгоход уялдуулсан цалингийн шинэчлэл хэрэгтэй байгаа. Боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй зүйл гэдэг талаас нь бид харж байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч энэ талаас нь уг асуудалд хандаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, Хүүхдийн мөнгийг өгөхөд боломж байгаа, үгүйг ярих тухай асуудал угаасаа биш. Цөөхөн хүн амтай манай улсад хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтөд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгвэл төсөвт онцгой байр суурь эзлэх ёстой. Бусад хамалжуулаас илүү нэгдүгээрт шийдэх ёстой асуудал юм гэдгийг шинэ Засгийн газар ойлгох хэрэгтэй. Тиймээс бид энэ асуудлаар санал бодлоо илэрхийлнэ.
-Засгийн газрын бүтцийн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Асуудал нь яамдын тоондоо байгаа юм биш. Харин гол асуудал нь бид хэрвээ Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой байдлын үзэл баримтлалыг баталчихвал тэр хүрээндээ бүтэцийнхээ өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тухайлбал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нэг зүйл тусгачихсан байдаг. Тогтвортой үзэл баримтлалыг хангахын тулд Төрийн захиргааны төв байгууллага байгуулах тухай шийдвэр байдаг. Хамгийн энгийн байдлаар хэлвэл эдийн засаг хөгжлийн асуудлаар Монгол Улсад нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх төрийн төв байгууллага зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг саналаа бид хэлэх болно.
-Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулгыг цаг хугацааны хувьд хэзээ явуулах нь зохимжтой гэж үзэж байгаа юм бэ?
-Ард нийтийн санал асуулгыг хугацааны хувьд шахаж, шаардахгүй. Харин урьдчилсан хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар оруултал нийт иргэдийн болон
Үндсэн хуультай холбоотой төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намуудын саналыг ойлголцлын хүрээнд оруулж ирэх ёстой. Түүнчлэн Үндсэн хуулийг савлах хэмжээний маш олон өөрчлөлт оруулах нь байж болохгүй зүйл гэж харж байгаа.
Эх сурвалж:УИХ дахь АН-ын бүлэг