Х.Баттулга:У.Хүрэлсүхийг шударга ёсыг дээдэлж ажиллаж чадна гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Ухнаагийн Хүрэлсүх нь Монголын Ардын Армийн 152 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж, 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, 2016 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлуудыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

 Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …