УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн У. Хүрэлсүхийг ерөнхий сайдад нэр дэвших эсэхийг хэлэлцэж чуулганд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр”Шадар сайд У.Хүрэлсүх урьд өмнө нь шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж би бол дүгнэж байна. Энэ хугацаанд байгалийн гамшиг асар их болсон. Тэр болгонд өөрийн биеэр очиж ажилласан. Морины тухай шийдвэр гаргасан. Монгол түмэн, морьтон түмэн, малчин түмэн сайхнаар хүлээж авч байсан. Монгол морио амьдаар нь хилээр гаргахыг хорьж байсан. Морины хийморь хишиг, Монгол малын заяа ивээх байх гэж бодож байна. Шадар сайд байхдаа ийм зүйлүүдийг хийж байсан хүн Ерөнхий сайд болоод Монголын төр засагт үнэнийг тогтоож байх гэж бодож байна.
Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Засгийн газар гэдэг энэ үүр танд өлзийтэй байх болтугай гэж итгэж ерөөмөөр байна. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж таны үг, үйлдэл бүх зүйлийг Монгол түмэн нүдээ цавчилгүй харж байгаа.Монгол түмэн таны үг үйлдэл бүрийг нүдээ цавчихгүй анхааралтай ажиглаж харж байгаа. Ер нь ажлын амжилт хүсмээр байна. Сайн ажиллаарай мэдрэмжтэй, зөв, залуучууддаа урам өгч, монгол түмэндээ ээлтэй, сэтгэл итгэлээ нийлүүлсэн баг бүрдүүлж цаашид ажиллаарай. Монгол түмэн үүнийг хүлээж байна.
Цаг үеийн сэдвээр үг хэлье. Баянзүрх дүүрэг ямар ч удирдлагагүй байна. Баянгол дүүрэгт хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Өлсөж ядарч байхад нь удирдлагууд нь дарамталж, үл тоож байна. Баянзүрхийн товчоон дээр өвс ачсан машинуудыг ихээр журамлаж байна. Нийгмийн сайн сайхны төлөө, бор зүрхээрээ явж байгаа хүмүүсээ энэ мэтээр битгий адлаач ээ” гэж хэлмээр байна гэв.
Г.Нараа