Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.ЦогцэцэгЭрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллын талаар дурдлаа. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг 30 хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаардлагатай байгааг тооцоолсон. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын санд 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүний зохих хэсгийг салбарын ажилчдад урамшуулал олгоход зориулан үлдээх боломж бий. Мөн улсын төсөвт 54.5 тэрбум төгрөг суулгах боломж бий гэсэн гаргалаа харагддаг. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай бид хамтран ажиллаж байна гэж байв. Мөн хөнгөлөлттэй эмийн хүртээмж, санхүүжилтийг сайжруулах асуудалд бид бодлогын шийдвэрээ гаргасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа төсвийн хүрээнд хөнгөлөлттэй эмийн хүртээмжийн асуудал хамаардаг. Тиймээс хүртээмжийг сайжруулахын тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдлээс хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад эмийг женерек нэршлээр нь бичих, эмийн үнийн 80, 40, 30 гэсэн хөнгөлөлтийг нэгдсэн хувьд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралд оруулахаар зэхэж байна. Мөн жор бичихдээ 7 хоногийн хугацаа заадаг нь эмийн хүртээмжтэй холбоотой учраас энэ асуудлыг шийдвэрлэхээр судалж байгаа” гэлээ.