Өнөөдөр Блю скай зочид буудлын Кристал танхимд “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал зохион байгуулагдаж байна. Уг хурлыг Канадын гадаад хэргийн яам санаачлан Азийн сангийн санхүүжилтээр хийж буй бөгөөд хурлыг шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга, Хууль зүйн магистр Н.Ганбаатар удирдаж байгаа юм. Монгол, Канадын шүүх байгууллагын төлөөлөгчид болон Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Ясүтомо Моригива хуралд оролцож байна.
Профессор Ясүтомо Моригива “Монгол улсад 25 жилд нийт дөрвөн удаа ийм үр дүн сайтай форумыг хийж байна. Япон улсад шүүгч болох нэн хэцүү тул шүүгч нар байр сууриа хадгалахын тулд тууштай байдаг, шүүгч нарын хувьд цалин хангамж сайтай, хээл хахууль авах асуудал огт байдаггүй. Мөн Монголын хууль зүйн салбар богино хугацаанд хөгжиж байгааг онцлоод энэхүү бага хурлаар ардчиллын үнэт зүйлсийг сахих тал дээр нэг алхам чанаржина гэдэгт найдаж байгаа, 1994 оноос хойш Монголын шүүхийн байгууллагынхантай хамтран ажиллаж байна, цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулна” гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг “Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сантай санамж бичиг байгуулан хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Хурлын үеэр шүүхийн нээлттэй ил тод байдал, шүүгчийн ёс зүйн асуудал, түүнтэй холбоотой шийдвэрийг судлаач эрдэмтдийн судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хяналтыг тогтоох, шүүхийн практик судлалд хувь нэмэр оруулах мөн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалтын гарын авлага болгох зорилгын талаар хэлэлцлээ.