Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэм-жих төслөөс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд байгуулан нээлтээ хийлээ. Төслийн багийнхан уг төвийн нээлтийн өмнө аймгийн удирдлагуудтай уулзаж төслийн үйл ажиллагааны чиглэл болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулж, аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцлоо.
Уг уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл нар оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди уулзалтын үеэр онцолж хэлсэн үгэндээ “Аймаг орон нутгийн удирдлагуудад ирж байгаа өргөдөл санал хүсэлтийн дийлэнх буюу 80-аад хувь нь залуучууд ажлын байр хүссэн өргөдөл, хүсэлт их ирдэг бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаа тодорхой хувь нэмрээ оруулах байх. Тиймээс бид аймгийн удирдлагуудын зүгээс дэмжин хамтран ажиллахад таатай байна” гэдгийг онцоллоо. Мөн түүнчлэн 2016-2020 он хүртэлх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн салбарын асуудлуудыг түлхүү тусгасан байдгаараа улсад дээгүүрт үнэлэгдэж байгаа юм. Тиймээс цааш цаашид нийгмийн салбарын энэ мэт асуудлуудыг шийдвэрлэхэд бодит үр дүн гарна гэдэгт аймгийн удирдлагуудын зүгээс онцолж байлаа.
“Залуучуудын хөгжлийн төв” нь зах зээлд хөл тавьж байгаа залуучууд ялангуяа боловсрол эзэмшсэн, ажлын туршлага багатай залуучуудыг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Үйл ажиллагааны зорилгын хувьд дараах чиглэлүүдийг тусгаж ажиллах юм байна. Тухайлбал, Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажил олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, Ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах, Ажил хайгчийг бүлгийн сургалт үйл ажиллагаанд хамруулах замаар тэдний хөдөлмөр эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнес эрхлэх боломжийг ойлгуулах зэрэг зорилгыг агуулж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм. Энэхүү төв нь мэдээлэл сургалтын өрөө, ганцаарчилан зөвлөгөө өгөх өрөө гэсэн зохион байгуулалттайгаар байгуулагдаж ном сурах бичиг бусад гарын авлага материалаар хангагдсан байна. Тиймээс залуучууд өөрийгөө хөгжүүлэх, ажил хайх, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж бүрдэхгүй бол арга зүй болон мэргэжлийн бусад зөвлөгөө мэдээллийг эндээс авах боломжтой.
Ж.Саруул
Эх сурвалж: Ховд аймаг