Чарли Чаплин 12 хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ.
Би бол чиний эцэг, би бол Чарли Чаплин. Балчирхаан байхад чинь олон олон шөнө орны чинь дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсан. Чамайгаа бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү дээ!” хэмээн уулга алдаж байсан. Тийм ээ, өдгөө аав нь хөгширчээ. Өнөөдөр чиний үе ирж. Бүжиглэ, охин минь! Аав нь уранхай, өргөн өмдтэй бүжиглэж байсан бол чи минь торгон даашинзтай бүжиж байна.
Чиний бүжиг, үзэгчдийн алга ташилт чамайг тэнгэрт дүүлэн нисгэх болно. Дүүлэн нис, охин минь! Гэхдээ газарт бас буухаа мартуузай! Хүмүүсийн амьдралыг мэдэж байх учиртай шүү. Чи минь өлсөж ундаасан даарч бээрсэн гудамжны бүжигчдийн амьдралыг мэдэх учиртай. Би яг л тэдэн шиг байсан. Унтахад чинь аав нь олон үлгэр ярьж өгдөг байсан боловч өөрийнхөө үлгэрийг өгүүлж явсангүй. Энэ бол Лондонгийн гудамжинд дуулж бүжиглэж байсан өлссөн алиалагчийн тухай үлгэр юм. Би өлсөхийн зовлон, орох оронгүйн зовлонг амссан. Түүгээр ч барахгүй бардам зан маань хүмүүсийн шидэх зоосонд дарагдаж, өр өвдөж явсан. Гэсэн ч би амьд үлдсэн юм шүү.
Аав нь Чаплин нэрээрээ хүмүүсийг 40 гаран жил инээлгэлээ. Гэвч тэдний инээснээс илүүтэй би уйлж явсан. Охин минь, энэ хорвоод дуу бүжгээс өөр зүйл бас байдаг юм шүү! Үдэш тайзнаасаа буухдаа чинээлэг шүтэн бишрэгчдээ мартаж болох ч гэрт чинь хүргэж өгөх таксины жолоочоос эхнэрийнх нь тухай асуухаа битгий мартаарай. Эхнэр нь жирэмсэн, хүүхдийн живхний мөнгөгүй бол халаасанд нь мөнгө хийгээрэй. Харин бусад хүмүүстэй яс тооцоо хийж бай.
Хааяа ч гэсэн хотоор алхалж ядуу зүдүү, тарчиг амьдралтай хүмүүсийг харж бай. УРЛАГ ХҮНД ДҮҮЛЭН НИСЭХ ДАЛЬ ЖИГҮҮР ХАЙРЛАДАГ ХЭРНЭЭ ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖ ХАЯДАГ ЖАМТАЙ. Охин минь, өөрийгөө үзэгчдээс дээгүүр мэт санасан тэр өдрөө тайзаа орхиорой. Парис хотын зах руу явж өөр шигээ бүжигчдийг хар. Тэдэн дунд чамаас илүү авьяастай нь ч таарна. Өөрийгөө бүү хуур.
Аав нь чамд чекийн дэвтрээ явууллаа. Чамайгаа хангалуун амьдраасай гэж хүсэж байна. Гэхдээ охин минь, 2 франкийг өөртөө, 3 дахийг нь бусдад зориулж байгаарай. Аав нь циркэд олон жил ажилласан шүү дээ. Олсон дээр явагчдын өмнөөс их л санаа зовдог байлаа. Гэхдээ хүмүүс олсон дээр явагчдаас илүү газраар явахдаа хөл алддаг даа. Сайхан харагдсан очир эрдэнэ рүү тэмүүлэхдээ, сайхан эрийг хүсэмжлэхдээ чи эгээтэй л ямар ч туршлагагүй олсон дээр явагч шиг болно. Зүрх сэтгэлээ очир эрдэнэсээр бүү соль. Сэтгэл зүрхийг чинь хайрлаж чадсан хүнд л нүцгэн биеэ зориулаарай.
Аавынхаа бичсэн болгоныг миний охин ойлгоно байх аа. Чарли өвгөрчээ. Хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одно. Охин минь, толинд харахдаа чи аавынхаа дүр төрхийг харах болно. Чиний судсаар миний цус гүйж байгаа. Би сахиусан тэнгэр шиг ариун байгаагүй ээ. Гэхдээ би хүн шиг хүн байхыг хичээж амьдарсан. Чи минь ч бас ийм байхыг хичээгээрэй.
Үнсье, охин минь. 1965 оны 12-р сар.
EMEGTEICHUUD.MN