Увс аймгийн Ардчилсан нам болон Тариалан сумын Х.Баярсайхан нарын 13 иргэн тус аймгийн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргоос сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүний мандатын асуудлыг хөндөж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргаад байсан юм. Эдгээр гишүүдийн өмнөөс ял аваад явсан туслахууд болоод, холбоотой бусад асуудлыг сайтар шалгуулах баримтуудыг АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү орон нутгийн сонгогчдын хамт бүтэн нэг жилийн хугацаанд цуглуулсан талаараа мэдэгдээд байсан.
Уг асуудлыг өчигдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцээд хуралдаанаас гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь· Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179.1.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг тогтоох үндэслэлд хамааралгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн захиргааны хэргийн шүүхийн холбогдох шийдвэр нь эрх бүхий этгээдүүд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргах шийдвэрт нөлөөлөхгүй болохыг дурдсан байна.
Эргэн сануулахад, Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан Увс аймгийн Ардын намын дэд дарга Н.Жамсран, Я.Лхагва, Т.Гансүх нар гэм буруутай нь гурван шатны шүүхээс нотлогдсон юм. Түүнчлэн хоёр гишүүний туслахууд болох Я.Баттогтох, Ш.Чинбат нар оюутнуудын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан нь нотлогдож шүүхээс торгох ялаар шийтгүүлж Дээд шүүхээр эцэслэн шийдэгдсэн билээ. Уг нь тусалхууддаа дарга нар нь үүрэг өгдөг байлтай. Гэтэл энэ хэрэг ийнхүү хоёр дахь шатны шүүхээр гишүүдийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй хэмээн шийдэгдлээ.