Цэцэн бууны хугархай буюу Цэндийн Нямдорж

Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж буй сайдуудын талаар Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг онцолж байна.

Салхи дагадаг биш, сөрдөг цөөхөн улстөрчийн нэг Цэндийн Нямдорж дахин Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшлээ. Олон нийт энэ томилгоонд тун таатай хандаж байгаа нь илт байна. Ц.Нямдорж дөрөв дэх удаагаа тус яамыг толгойлох гэж байгаа учраас түүний туршлага, мэдлэг, чадварт эргэлзэх нь утгагүй. Өөрөө ч “1992 оноос хойш хамгийн олон хууль бичсэн хүн бол яалт ч үгүй би. Энэ тал дээр надад өрсөлдөгч байхгүй” гэж хэлдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайдад түүнээс өөр зохих, тохирох хүнийг Монголын улс төрөөс олох тун хэцүү. Бараг л боломжгүй.

Өдгөө эрх барьж буй МАН-ын лидерүүдийн жагсаалтад эрс өөрчлөлт оржээ. Уг нь үеийн үед намынхаа жолоог атгаж буй дарга нь хамгийн өндөр рейтингтэй байж ирсэн уламжлал энэ удаа алдагдсан байна. Н.Энхбаяр тус намын дарга байх үед тэр зөвхөн намын лидерийн хэмжээнд биш, үндэсний удирдагчийн хэмжээнд зангараг, нэр нөлөөтэй байсан. С.Баярын үед түүний рейтинг мөн л өндөр байж, өөрөө ч жинхэнэ лидер хүний байдлаар биеэ авч явдаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаг байлаа.

Харин өнөөдөр М.Энхболд хамгийн үнэмлэхүй эрх мэдэл дээр сандайлсан хэрнээ лидерийн орон зайгаа хэдийнэ Ц.Нямдорж, У.Хүрэлсүх хоёрт алдчихаад байна. Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан Ц.Нямдорж МАН-ын дараагийн дарга, дараагийн Ерөнхий сайд гэж нэрлэгдэх хүртлээ түүний рейтинг өсөөд байсан. Гэвч өөрөө төрийн албыг шилж сонжихыг хүссэнгүй. Түүнээс өөр хүн байсан бол салбарын сайд хийж үзээгүй биш гээд илүү сэнтий зүүдэлж, зүтгэж болох л байсан.

Намын дарга болох шаанс түүнд хоёр ч удаа таарч байсан ч тэр өөрөө хойш суусан юм. Нэгдүгээрт, хэнэггүй лазангаас болж боломжоо алдсан. Хоёрдугаарт, хэзээний хэдэр адайр, хэл амтай, хэрүүлч гэгддэг түүнд яах аргагүй нэг сул тал байсан. Тэр нь юу гэвэл, намынхаа дотоодод өөрийн гэсэн фракцгүй. Нам болон төрийн удирдах түвшинд ийм удаан ажилласан хүн өдий хүртэл фракц ч үгүй юу хийж ирсэн нь нэг талаар сонин. Ц.Нямдорж олон хүнийг улс төрийн өндөрлөгт дэмжиж гаргаж ирсэн. Бас тэднийхээ заримыг доош нь татаж, дээш өгсөх замд нь дэгээ тавьдаг ч гэмтэй.  Өдий хүртэл фракцгүй, намынхаа аль нэг улстөрчтэй салж хагацахгүй болтлоо наалдаж, дотносоогүй яваагийн учир ч энэ байх.Ц.Нямдоржоос ер нь хэр баргийн улстөрч зэнзийрхэж, ширвээтнэшүү. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий энэ улстөрч үргэлж л тэмцэл хийсээр өнөөдрийг хүрсэн. Ялах эсэхийг нь, эсвэл яг хэнтэй тэмцээд байгааг нь саяхныг хүртэл хэлэхэд бэрх байв. Харин Эрдэнэтийн 49 хувийн төлөөх тэмцэлд тэр өөрийгөө бүрэн харуулсан.

Энэхүү наймааг эрс эсэргүүцэж, үл эвлэрч олон нийтэд зарласан хүн бол Ц.Нямдорж. Төрийн өмчийг луйврын аргаар хувьдаа завшиж буй үйлдэл гэж үзэж, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ луйварт гар бие оролцсон гэж тэр зарласан юм.

Тэрбээр “Энэ бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан “Монголиан коппер корпораци” 2014 онд өөр нэрээр нэг сая төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэй байгуулагдаж байсан юм билээ. 2016 он хүртэл ямар ч орлого, зарлагагүй байж байгаад он гарангуут нэрээ өөрчлөөд дүрмийн сангаа гэнэт 100 тэрбум болгож огцом өсгөсөн байгаа юм. Луйвар хийх гэхээрээ ингэж компани байгуулж ажилладаг байхгүй юу. Долоо хоногийн өмнө байгуулсан компанийнхаа нэр дээр зочид буудлыг газартай нь авчихдаг луйврын схем Монголд байдаг” гэх мэтээр тун ноцтой мэдэгдлүүдийг хийсэн юм. Үнэхээр төрийн хоточ нохойн үүргээ биелүүлсэн түүний энэ тэмцлийн үр дүнд Монгол Улс “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн банкинд тавиад туучихалгүй буцаан авч чадсан билээ.

Ц.Нямдоржийн хэлсэнчлэн энэ бол ганцхан үйлдвэрийн асуудал биш байсан. Монголын төр оршин тогтнох уу, үгүй юү гэдэг асуудал. Хэсэг хүн далдуур хуйвалдан, Монголын ард түмнийг 40 жил тэжээсэн үйлдвэрийг хувийн болгох гэж байсныг таслан зогсоосон хэрэг байв.

Харин үүний дараахан нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй” гэж хэлэв.  Мөн тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын хувийн хэвшлийн компани худалдан авсныг өмгөөлсөн өнгө аястай үг хэлсэн юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зориг гаргаж авах өөр компани байхгүй. “Эрдэнэт”-ийн асуудал хүнд байгаа. 40 жил болно гэдэг уул уурхайн компанийн хувьд өндөр нас. Тиймээс Оросын талын эзэмшиж байсан хувийг Монголын тал аваад, өөрчлөлт шинэчлэлээ хийгээд яваасай л гэдэг талд би байна. Нэг хүний хийсэн мэдэгдэлд бүрэн автдаг байж болохгүй ээ. Монголчууд ийм зүйлд хууртахгүй билгийн нүдтэй, мэдлэгтэй болсон гэж би итгэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр улс төр. “Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг” гэх мэтээр Ц.Нямдоржийг ил шулуун үгүйсгэсэн билээ.  Хариуд нь Ц.Нямдорж “Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө…” гэж ил шулуун хэлж, тухайн үеийн төрийн тэргүүнийг сөрж зүрхэлсэн юм.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг дэлгэн тавьснаараа тэр намынхаа эсрэг ч сөрөн зогсох шазруун зантай гэдгээ дахин баталсан. Шаардлагатай бол тэр хэнтэй ч дайсагнаж чадна гэсэн үг. “Эрдэнэт”-ийн тухайд тэр Ц.Элбэгдоржтой, намынхаа зарим томчуудтай дайсан болно гэдгээ мэдэж байсан ч 49 хувийг авах гэсэн бүлэглэлийнхэнтэй эвлэрэхгүй тэмцсэн. Мэдээж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нэр төрдөө чамгүй хохирол хүлээсэн ч ялалт байгуулсан гэж хэлж болно. Эцэст нь, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын хувийн хэвшлээс төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гарсан нь бараг дан ганц Ц.Нямдоржийн гавьяа гээд хэлчихэд буруудахгүй. Энэ хүн хэрвээ үүнийг дэлгэж, тэмцээгүй бол Монголын хамгийн том үйлдвэр бусдын хоол болоод өнгөрөх байв.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Улсад төлсөн татварын хэмжээ, ажилтны тоо, зах зээл, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлын үзүүлэлтүүдээрээ сүүлийн 10 гаруй жил дараалан бүх аж ахуйн нэгжийг тэргүүлж байна. “Эрдэнэт” үйлдвэр нь алтны салбартай харьцуулахад найм дахин өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өгч ирсэн. Хэрэв Оюутолгойтой харьцуулах юм бол тав дахин илүү, нүүрсний салбарынхаас мөн адил найм дахин илүү роялти төлдөг.

1995-2013 он хүртэлх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр улсын төвлөрсөн төсөвт нийт 3 их наяд 542 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 1 их наяд 530 тэрбум төгрөгийг зөвхөн үнийн өсөлтийн албан татвараар төлсөн. Тэгвэл улсын төсөвт ийм л хувь нэмэр оруулдаг үйлдвэрийн хулгайлагдсан 49 хувийг төрд буцаан авч ирсэн нь Ц.Нямдоржийг үнэхээр зангарагтай улстөрч гэдгийг илтгэх баримт юм.

Тэрээр 2007 онд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа хууль зассан хэргээр албан тушаалаас өөрийн саналаар огцорч байсан түүхтэй. Гэхдээ огцрохдоо “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд “баярлалаа”. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлээд буусан.

Тэр Хууль зүй, дотоод хэргийн яамыг гурвантаа тэргүүлэхдээ үнэхээр ч хатуу ширүүн сайд байсныг хэлэх хэрэгтэй. 2000 оны эхээр эрүүгийнхэн их хүчтэй байлаа. Тэд улс төрд хүртэл нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг байжээ. Энэ үеийг эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан он жилүүд гэж тодорхойлдог юм билээ. “Эрүүгийн элементүүд” Ерөнхий сайдын өрөөнд дайрч ордог, Ерөнхийлөгчийг сүрдүүлдэг, УИХ-ын гишүүдийг айлгадаг, заналхийлдэг хэмжээнд очоод байж. Харин Ц.Нямдорж гарч ирмэгцээ төрийн төмөр нүүрийг харуулж, тэдэнтэй эрс шийдэмгий тэмцсэн нь түүхэн үнэн юм.

Одоо Ц.Нямдоржоос ард түмэн олон юм хүсэхгүй. Түүнээс зөвхөн өмнө хийж ирсэн тэр зүйлээ л хийхийг нь хүсэн хүлээж байна. Монгол төр хууль ёстой, түүнийг сахиулах хатуу нударгатай гэдгийг зарим нэгэн овилгогүй төрийн түшээдэд мэдрүүлэх хэрэгтэй болжээ. Ц.Нямдорж “Төртэй байхын утга учир бол ядарсныг тэтгэж, задарсныг дарж явахад оршино” гэж хэлсэн удаатай. Тэгвэл задарсныг дарж өгөх түүхэн үүрэг түүнд дахин оногдлоо. Шинэхэн тачигнасан буу хэдий цэнэгтэй ч цэцгүй байдаг жамтай. Харин хуучин бууны хугархайгаар хэрхэн цэцтэй шагайж, мэргэн онож болдгийг Ц.Нямдорж лавтай харуулна. Ядаж л сум гарздахгүй. Яг ононо.

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …