УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томиллоо. Хуралдааны эхэнд уг асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Засгийн газрын гишүүдийг томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барьж байна.
Хариуцлагатай, шударга гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Засгийн газрын гишүүдийг боловсрол, мэргэжил, дадлага туршлага, удирдан зохион байгуулах чадварыг үндэслэн сонгосон.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэж байна гэв. Чуулганы үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн санал дүгнэлтийг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний нэгдүгээрт байх асуудал бол хүнсний аюулгүй байдал. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгосон. Гэхдээ Хилийн хяналтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоогүйгээс ард иргэд хохирч байна. Хилийн хяналтын хуудсаар ААН, иргэдийг маш их дарамталж байна. Энэ мэт маш олон асуудлыг цэгцлэх цаг болсон байна. Төсвийн мөнгийг үрэн таран хийдэг эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй холбоотой асуудлыг цэгцлэх боломж байна уу? Стандартчилал хэмжил зүйн газрыг амь оруулаарай. Оюуны өмчийн газрыг өөр дээрээ авах тал дээр ажил хийж чадах уу” гэх асуултад хариулт авахыг хүслээ.
Шадар сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дэх байгууллагуудынхаа ажилтай маш сайн танилцана. Өөрчлөх юм байгаа бол даруйхан өөрчлөнө.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ард түмнээсээ эхний дүнг авах ёстой. Бяртай засгийн газар гэх боллоо, түрүүхэн ардын засгийн газар гэж нэрлэж байсан. Өнөөдөр 16 сайдаас тал нь сууж байна. Алдсан алдааг биш хийсэн гавьяа бүтээсэн үйлийг харж явах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Би О.Баасанхүүг дэмжээд байгаа юм. Би Хүрэлсүх ерөнхий сайдад хандаж хэлэхэд хэдэн асуудал байна. Таныг бодлогын засгийн газар байгууллаа гэж бодсон. Гэтэл та тохиролцооны засгийн газар байгууллаа. Та алдлаа гэж хэлмээр байна. Үүнээс гадна боловсролын салбар нэг жилийн дотор гурван сайд солилоо. Энийг шинэчилж багш нарын цалинг нэмэх ёстой шүү. Багш нар ядуусын эгнээнд орлоо.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Аливаа ажлыг хийгээд төгсгөдөг байвал тийм л ажил хийдэг засгийн газар байгаасай. Засгийн газарт нэр хоч өгөх биш, итгэл хүлээлгэх хэрэгтэй. Шадар сайд Энхтүвшин та нийслэлийн асуудалд анхаарлаа хандуулаарай. Энэ засгийн газар цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүрэн шийдэх ёстой гэсэн амлалт өгөх ёстой. Тийм болохоор гаргаж буй шийдвэрт анхаарч ажиллана уу. Монголын ард түмэн хариуцлага нэхэж байгааг санах хэрэгтэй.
Э.Ариун