УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах сайд нарын асуудлыг эцэслэн хэлэлцэж, сайд нарт нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Аюурсайхан Шадар сайдад нэр дэвшиж буй Ө.Энхтүвшинд хатуухан үг хэллээ.
Тэрбээр хэлэхдээ,“Шадар сайдад Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Та парламентад сууж байгаа залуу гишүүдэд муу үлгэр дууриал үзүүлж байна. Бид итгэл үнэмшлийн төлөө шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулсан. Албан тушаалын төлөө бид нийлж өмнөх Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй.
Та Э.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан зурахдаа албан тушаалын төлөө нэгдэн нийлээгүй гэдгээ амла гэж биднээс шаардаж байсан. Гэтэл надад эндээс оногдох сайдын суудал байхгүй юм байна гэж шийдээд та дараа нь нөгөө тал руу гүйсэн. Би Шадар сайд болохгүй гэж хэлж байсан. Нүх болгон руу орж явдаг хүн би биш гэж хэлж байсан. Гэтэл одоо болохоор нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас дэвшлээ гэж байна
Та ядаж улс төрд шинээр орж ирж байгаа хүүгийнхээ ирээдүйг бод. Эцэг эхээр нь хүүхдийг нь дүгнэдэг. Ямар хийж үзээгүй, томилогдож үзээгүй ажил биш дээ?
Та Ерөнхий сайдтай хэр хамтарч ажиллаж чадах юм? Өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүн шүү дээ, Та. Ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөсөн бол зөв зөнө” гэв.