Элдэв жаргал хэмжээтэй,эцэст нь төлөх үнэ их үнэтэй гэж Р.Чойномын хэлсэнчилэн бид өнгөрсөн дөрвөн жилийн жаргалаа асар их үнээр төлөх болчоод байна. Гэхдээ Монгол улсын 800 мянган өрх жаргалыг амсаагүй, хүртээгүй. Эрх мэдэлд, албан тушаалд ардын элч мэт аяглагсад л өвөртлөсөн, үрсэн. Өнөөдрийн сөрөг хүчин Ардчилсан нам Монголын түүхийн өр хэмээх галыг өрдөж тахисан хүмүүс. 2012 оны эцэст Монгол улсын гадаад нийт өр 15.4 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 25.2 тэрбум доллар болж 10 тэрбум доллараар өр нэмэгдснийг Монголбанкны сайтын өрийн статистикаас харж болно. Өрийг хэн, юунд зарцуулав? Яагаад эргэн төлөлт нь хугацаа тулсан өрөө төлж чадахгүй болчихов? 70 хоногийн дараа 500 сая долларын Чингис бондоо төлнө. Араас нь 161.5 сая долларын Димсам бондыг төлнө.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар 1 жил 3 сарын хугацаанд ажиллахдаа зээлийг зарцуулсан, зээллэсэн албан тушаалтан, компаниудаас нь эргэн төлөлтийг нь гаргуулж чадсангүй. Ганц гарц олсон нь ирээдүйгээсээ зээллэж төлөх арга. Энэ бол бондыг бондоор хаах хойд хормойгоо тасдаж буй хэлбэр. Агуулга нь ирээдүй, хойч үедээ өр үлдээж буй. Өрийг өрөөр хаасан ч дараагийн өрүүд нэхэгдээд дарааллаж байна. 2019 онд 300 сая долларын өр бий, 2022 онд 1 тэрбум долларын Чингис бондын үлдэгдэл өр бий. Монгол улс гадаад валютын нөөцөөрөө төлчихөж болохгүй байгаа юмуу гэж үү? Монголбанкинд байгаа Монгол улсын төлбөрийн чадварыг илтгэдэг, төгрөгийн ханшаа тогтвортой барьж байх үүрэгтэй 1 тэрбум 600 сая доллараар өрөө төлчихвөл төгрөгийн ханш 2 дахин унаж 1991 оны шилжилтийн нийгмийн алдарт 20-р тогтоолын хор уршиг давтагдана.
Та боддоо 5000 төгрөгөөр 1 доллар худалдаж авна. Хэрэглээний зах зээлтэй буюу хэрэгтэй зүйлийнхээ 90 хувийг гаднаас импортоор авдаг Монголчууд элгээрээ хэвтэнэ. Өр биднийг өөдлүүлэхгүй байгааг эдийн засгийн гол үзүүлэлтээр илэрхийлж болно. Дэлхийд толгой цохих баялагтай цөөхөн Монголчуудын 3 хүн тутмын 1 нь ядуу тарчиг амьдарч байна. Ядуурлаас болж гэмт хэргийн гаралт жилийн дотор 9 хувиар өсч энэ оны эхний 9 сард 23 мянган гэмт хэрэг гарсан тухай цагдаагийн байгууллага тайлагнажээ.
Төгрөгийн ханш сүүлжийн нэг жилд гэхэд л 11 хувиар уналаа. Иргэдийн олдог хэдэн төгрөг энэ хэмжээгээр үнэгүй цаас болж. Эрүүл мэнд, боловсролын салбарын 87 мянган хүн төсвөөс авдаг цалингаа нэмүүлэх гэж эсэргүүцлийн жагсаал, ажил хаялтыг зарлаж анх удаа ОУВС-гийн үүдэнд жагслаа. Тэдний цалин өгөх мөнгийг өрөнд өгөөд байгаа учир төрөөс цалинждаг 189 мянган албан хаагч бүгд л цалингаа нэмүүлэхийг хүсч байгаа. Татвар төлөгчид ууртай байна. Улсын төсөв өнөөдөр 738 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Ажилгүйдлийн түвшин 9.6 хувь болж сар бүр нэмэгдэж байна. Гэх мэт эрээлжилсэн олиггүй тоон үзүүлэлтийг дурьдаад байж болох ч энэ лай ланчинг иргэн бүр амьдралаараа, яс махандаа тултал мэдэрсээр…
…Ард түмэн гэнэн ч тэнэг биш…
2016 оны сонгуулиар саналаа өгсөн 2 сая 23 мянган иргэн хариуцлага хүсч л улс төрийн ууган хүчин МАН-г сонгосон. Гэтэл тэд яасан байх нь уу? Хөшигний ард төрийн сандал суудлыг үнэ ханш тогтоогоод сууж байсан. Одоо хэнд итгэх вэ? Яг энэ цаг хугацааны шалгарлаар У.Хүрэлсүх эрийн хуйх харуулж Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад хамгийн хүнд цаг үед тодорч гарч ирлээ. Нийгэм ч удирдагчаа гэж захиалав. Ардын армид эр хүн болж төлөвшсөн энэ эрийн улс төрийн замнал нь өнгөрсөн 20 жилд тэмцлийн түүхийг өгүүлдэг. Төр удирдаж байсан хэдэн хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийг “зуданд” нэрвэгдүүлчихлээ. Хавар болонгуут “зуд”-ын гамшиг арилчихгүй. Хохирч үлдсэн ард түмэн хэнээр хохирлоо барагдуулах уу?
Хариуцлага тооцох хатуу гар, хөгжил үлдээх удирдагчийг олон нийт хүлээж байна. У. Хүрэлсүхийг УИХ-ын чуулган Ерөнхий сайдаар томилоход тэрээр би Төрийн ордны хоёр давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Монголын төрийн түүхэнд ажил хийсэн ерөнхий сайд байхыг хүсч байна гэж хэлсэн. За гэвэл ёогүй хэлсэндээ байдаг зарчим нь түүний зан чанар. Төмөр өргөдөг шигээ У.Хүрэлсүх өмнөө таарах энэ олон саад бартааг 200 кг штангийг тултал нь шахдаг шигээ ардын итгэлийг өөр дээрээ унагахгүй гэж найдах цаг хугацаа эхэлж байна. Алд биений жаргалыг бодож, амиа борлуулах албан тушаалтангуудад хариуцлагыг мэдрүүлэх ХҮНД цаг үе УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ерөнхий сайдад тулгарч байна. Хурандаа У.Хүрэлсүх тангараг өргөсөн эр цэргийн ёсоор ухралгүй “дайтах” цагийн зүү явж эхэллээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN