Японы эзэн хаан Акихитогийн том ач охин гүнж Мако хайр сэтгэлээсээ болж хэргэм зэргээсээ татгалзаж байгаа талаар өмнө мэдээлсэн.
Гүнж Макогийн сүйт залуу Комуро эзэн хааны их сургуульд сурч байсан төдийгүй одоогоор Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид суралцаж хажуугаар нь хуулийн компанид ажилладаг юм. Тэд одоогоос таван жилийн өмнө танилцаж жилийн ой дээр гүнжид гэрлэх санал тавьжээ. Гүнж Макогийн хайр сэтгэлийн явдал өнгөрсөн 5 сард ил болсон юм.Эзэн хааны гэр бүлийн хуулиар гүнж Мако жирийн иргэнтэй гэр бүл болох тул албан ёсоор хэргэм зэргээс татгалздаг гэнэ.
Гүнж Мако Акисино нь 1991 оны аравдугаар сарын 23-нд Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Митико нарын анхны ач болон мэндэлжээ.
Японы гүнж Мако Токиогийн охидын Гакусюин дунд сургуулийг төгссөн бөгөөд 2006 оны наймдугаар сард Homestay хөтөлбөрийн хүрээнд хоёр долоо хоног Австрийн дунд сургуульд суралцаж байв. 2004 онд тэр дунд сургуулийн сурагчийн дүрэмт хувцастай байхдаа телевизийн эфирээр гарсан нь түүнийг цахим ертөнцийн од болгосон юм.
2015 оны аравхоёрдугаар сард Мако Латин Америкийн орнуудад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ цаг мөчөөс хойш дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг сонирхох болжээ.
Учир нь Сальвадор улсын гадаад хэргийн сайд Хуго Мартинес нь Макод дурласан гэдгээ ил тод зарлаж, түүнийг “Японы Кейт Миддлтон” хэмээн нэрлэж байсан удаатай.