Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон С.Чинзоригт Хөдөлмөр, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Н.Номтойбаяр яамны тамга, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа хамтаар гардуулан өглөө.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “С.Чинзориг сайдын хувьд өмнө нь Засгийн газрын гишүүн, энэ салбарт дэд сайд, сайдаар ажиллаж байсан, төрд олон жил ажилласан туршлагатай хүн. Энэхүү яамыг цаашид улам сайн удирдан авч явна гэдэгт эргэлзэхгүй байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.
Шинээрээ томилогдсон сайд С.Чинзориг тамгаа гардаж аваад “Улсын Их хурлаас Засгийн газрыг шинээр байгууллаа. Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ирж, та бүхэнтэй хамт сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ирж байгаадаа баяртай байна. Энэ яамны энэ байранд би дэд сайдаар найман жил ажилласан, мөн Хөдөлмөрийн сайдаар энэ хамт олонтой ажиллаж байсан. Тийм учраас асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллаж чадна гэж үзэж байна. Өмнөх сайдын хувьд шинэ залуу хүн хоёр яамыг нэгтгэж, үндсэн чиглэлийн яам болгож ажилласан богино хугацаанд багагүй ажил хийсэн. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон, Ахмадын насны хишиг гээд олон шинэ ажлыг хэрэгжүүлсэн. Цаашдаа ч бидний ажлыг мэдэх хүний хувьд дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Номтойбаяр сайдад та бүхнийхээ өмнөөс амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөе” гэж хэлсэн юм.