Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа.
Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв.
Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов.
Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Ж.Гаалт баяр хүргээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээг гардууллаа.
Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв.
Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран ажиллана гэлээ.
Мөн өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд талууд хамтран боловсрол, соёлын олон арга хэмжээ зохиосонд сэтгэл хангалуун байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.
Мөн АНУ-ын Конгресст Америк-Монголын Найрамдлын бүлэг байгуулагдсан мэдээг УИХ дахь Монгол-Америкийн бүлгийн даргын хувьд талархан хүлээн авсан гэв.
Талууд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг бэхжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн болон Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэрэг чиглэлээр санал солилцов.
Элчин сайд Ж.Гаалт нь АНУ-ын Төрийн департаментад Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч, Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.