-Багш нар цалингаа нэмүүлэхээр өмнөх Засгийн газрын үеэс шаардаж эхэлснээр таныг шинээр томилогдоход асуудал хурцадмал байсан. Үүнийг шийдэх талаар ямар алхам хийж байна вэ?
-Шинэ Засгийн газар байгуулагдаад арваад хонож байна. Ажил хүлээн авахад амаргүй нөхцөл байдал угтсан ч ажлын хүндээс бэрхшээх, асуудлаас зугтах, бүтэшгүй амлалт өгөх эрх надад байхгүй ээ. Энэ салбарыг удирдахаар ирсэн тэр мөчөөс хойш тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдэх арга замыг эрэлхийлж, судалгаа хийж, аль болохоор л зөвшилцөж, ойлголцож, үр дүнтэйгээр шийдэхийг хичээн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ч талуудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн явцтай танилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. Тэмцлийн хэлбэрт шилжилгүйгээр ширээний ард сууж ойлголцож, гарцыг олох нь чухал байна.
-Нэг удаагийн буцалтгүй тусламжийг аргацаасан шийдвэр боллоо гэлцэж байна. Бодит ямар үр дүнтэй байх вэ?
-Зөвхөн багш нарын цалингийн асуудал гэлгүй энэ салбарт тулгамдсан асуудлыг цогцоор шийдэх, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар хамтран ажиллахаар ярилцаж байна. Өнгөрсөн даваа гаригт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”, Боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, БСШУС-ын яамны төлөөлөлтэй хамтран уулзалт хийсэн юм. Би өөрөө багш хүн. Тийм болохоор яавал багш нарынхаа ахуй хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж байгааг эрэлхийлж, дэмжиж, хамтран ажиллана. Зөвхөн төсвөөс хамааралтай асуудлууд хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Мөн дотоодын боломж, эх үүсвэрийг судалж үзэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрынханд үүрэг өгсөн. 2018 онд дотооддоо сайдын эрх мэдлийн хүрээнд хуваарилагдаад ирсэн төсөв хөрөнгийн зарим нэгэн зардлыг тэвчих байдлаар зөвхөн багш нарын улирлын урамшуулалд өгөх ямар боломж байгааг судална. Улирлын урамшууллыг 45 хувь хүртэл авах ёстой байтал өнөөдөр 15 хувь ч хүрэхгүй олгодог нийтлэг дутагдал байгаа.
-Нэг удаа 300 мянган төгрөг өгч хуураад орхих нь гэсэн ойлголт түгээд багш нар маш их бухимдсан юм биш үү?
-Нэг л удаа гал унтраах нь гэсэн буруу ойлголт яваад байна. Үнэндээ бол ийм санаа, зорилго байхгүй шүү дээ. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017,2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэсэн гэрээ хэлэлцээртэй. Тиймээс цалин нэмэх гэдэг томьёоллоор биш харин төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх гэсэн хэлбэрээр гарц, шийдлийг хайж байгаа юм. Тэрдагуул Монгол Улсын Засгийн газар нөөц боломжоо харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг үнэлэх байдлаар ажлын үр дүн, хариуцлагатай нь холбож 300 мянган төгрөг 2017 онд олгохоор шийдсэн. Мөн хэмжээний зардлыг 2018 онд үргэлжлүүлэн олгохоор 56.6 тэрбум төгрөг төсвийн төсөлд тусгасан байгаа. Тэгэхээр нэг удаагийн арга хэмжээ биш юм.
-Та “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” гэж хэлсэн нь үнэн юм уу?
Салбарын сайдаар томилогдож ирсэн хүний хувьд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал , дээр тууштай байна гэдгээ удаа дараалан мэдэгдсэн. Харамсалтай нь өнгөрсөн тав дахь өдөр салбараа үхэртэй зүйрлэсэн гэж мушгин гуйвуулсан мэдээлэл цацагдаж эхэлсэн юм шиг байна. Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ. Хэзээ ч ийм үг хэлээгүй. Өөртөө таалагдахгүй хүнд нэр хоч зүүх,тэрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглан тараах хандлага гарч байгаад би хувь хүнийхээ хувьд үнэхээр харамсч байна. Сошиалд хуурамч хаягнаас хүнийг гүтгэж болдог гэдгийг харлаа. Одоо ч дахин хэлье, Хэрвээ өөрийнхөө дуу хоолойгоор ингэж ярьсан бол тэр бичлэгийг нь л цацна шүү дээ. Ийм мэдээжийн зүйлд итгэх хэрэггүй. МҮЭ болон багш нарын төлөөлөлтэй байнга хамтран ажиллаж зөвшилцлийг үр дүнтэй болгохын төлөө л цаг заваа зарцуулж байгаа болохоор цахим орчинд өрнөж байгаа мэдээллийг үнэндээ унших завгүй ажиллаж байна.