Монгол телевизийн ээлжит уран бүтээл “Шарк Танк” гэх бизнесийн онц сонирхолтой реалити шоуны тав дах дугаар үзэгчдэд өчигдөр орой хүрсэн билээ. Энэ дугаарт хамгийн онцлог төсөл нь оролцогч “Никел Ганбаагийн” дугуйн төсөл байв. Түүний хөрөнгө оруулалт авах саналыг гурван шарк дэмжсэн сонирхолтой дугаар болж өнгөрлөө. Энэ тухайд “Өгөөж чихэр боов ХХК”-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл өөрийн цахим хуудастаа нэвтрүүлгийн тухай сонирхолтой баримтыг дурджээ.
Тэрбээр “Шарк Танк дажгүй юу? Олон хүн Никел Ганбад хөрөнгө оруулахгүй яасан юм бэ гэж асуужээ. Тийм, өнөөдрийн дугаарын нийгэмд хэрэгтэй хөгжөөд явах хамгийн бодит төсөл мөн. Үнэхээр хүсэл мөрөөдөлтэй, хийсэн ажилтай, хөдөлмөрч залуу байсан. Яагаад хөрөнгө оруулаагүй вэ гэвэл бусад шаркууд хангалттай хөрөнгө оруулчихсан учир дэндүү олуулаа нэг төсөлд чихэлдээд байх юм шиг санагдаад дахиад гоё төслүүд орж ирэх байх гэж хүлээгээд найдаад оруулаагүй ээ. Ер нь бид гурван саяуулаа ч шаркууд байж болно шүү дээ.
Тэгэхээр та нэвтрүүлэг үзэхдээ бидний оронд өөрсдийгөө тавиад хөлс хөдөлмөр, бор зүрх, бондгор толгойгоороо олон жил зүтгэж бий болгосон хөрөнгөөрөө эрсдэл хийж 5-10 минутад төслийг сонсоод, 3-4 асуулт асуугаад анх сонсож буй төсөл, анх харж буй хүндээ мэдрэмж туршлагадаа тулгуурлаж 20 саяас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах гээд нэг үзээрэй. Тэгвэл маш сонирхолтой байх аа. Энэ нэвтрүүлэг биш л дээ маш сонирхолтой, сургамжтай, хэрэгтэй шоу даа. Анхных болохоор алдаа оноо байгаа байх. Гэхдээ надад маш их таалагдсан. Өөр өөрийнхөөрөө өвөрмөц туршлагатай шарк нартайгаа хамт оролцсоноороо бахархдаг даа” хэмээн бичжээ.