УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн УИХ-аас гаргасан Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдээлснээр тэд Ерөнхийлөгчийн хоригийг хувийн саналаар хүлээж авахгүй гэсэн нэгдсэн шийдэлд хүрчээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн хоригийн талаар “Ерөнхийлөгч 2017 оны төсөвт хийсэн тодотголд бүхэлд нь хориг тавьсан албан тоотыг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ирүүлсэн. Хориг тавьсан шалтгаан нь хүүхдийн мөнгийг 100 хувь өгөөгүй, төрийн албан хаагчдад төсвийн мөнгийг хууль бусаар олгож байгаа, мөн төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулж, төсвийн чанарыг бууруулсан гэсэн утгатай хориг ирүүлсэн. Бүлгийн хурлаар хоригийг хэлэлцээд төсвийн тодотголд хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзээд Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ.