Инээмсэглэлийн ач тус

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээсэн аж. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ саналаа. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлөгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварсан байна.

Гөлөг дулаан хоносондоо, мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжид баацаганан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч, хүмүүсийг ч галын аюулаас аварсан ажээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …