Монголын их амар амгалан

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ.

Тэрээр “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард түмэн агуу уянгалаг, гүнзгий яруу сэтгэхүйтэй болохыг харуулсан юм.

 

Монголын их амар амгалан

Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурхны мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан

 

 


Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …