Өнөөдрөөс эхэлж байгаа хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн.
Ажил хаялттай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн баасан гарагт төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлжээ.
Энэ албан бичигт
“Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг төсвийн хүрээнд хэрхэн нэмэгдүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн.
Багш нарын цалин хөлс бага. Нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж, цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.
Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн хатгасан, турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй.
Хуульд заасан нөхцөл, шаардлага хангаагүй, хууль бус ажил хаялт зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэдгийг мэдэгджээ.