Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болж НҮБ-аас тухайн өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тунхаглажээ. Өнөөдөр тус Протокол болон түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь нийт 197 орон буюу Дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.
Монреалийн протоколыг хэрэгжүүлжсний үр дүнд ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэхь зарим төрлийн озон задалдаг бодисын 98 хувийг олон улсын түвшинд хэрэглээнээс гаргаж чадсанаар озоны давхарга нь ирэх хагас зуун жилийн турш нөхөн сэргэх замдаа ороод байгаа билээ. Гэхдээ үүний тулд улс орон бүр амласан үүрэг амлалтаа биелүүлэх шаардагатай байна.
Монреалийн Протоколийн амжилтыг эргэн дурдахын хамт олон улсын хамтын нийгэмлэг нь озон задлах үлдсэн бодисыг халах, хүлэмжийн хийг бууруулах замаар агаар мандалаа ирээдүй хойч үедээ зориулан хамгаалахын тулд урьдын адил эрч хүч, шинэлэг санаа, итгэл, хурдтай ажиллах хэрэгтэй болж байна.
2013 онд энэхүү өдрийг “Ирээдүйдээ бидний хүсэж буй эрүүл агаар мандал” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ерөнхий мэдээлэл
Озон нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн 3 атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг боловч хүмүүсийн эрүүл мэндийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай болдог. Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж хүний дархлалын системийг доройтуулах, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсгэх, арьсыг эрт хөгшрөөх, экосистем алдагдах буюу салхины чиглэл өөрчлөгдөж хүйтрэл явагдана. Мөн хэт ягаан туяаг шингээх озоны давхарга нимгэрсний улмаас ургамлын гарц буурах, давжаарах зэрэг хүнсинй аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг үр дагаварууд бий болдог.
Озоны давхарга цоорох шалтгаан
Хүн төрлөхтний хөгжил, технологийн дэвшлийн үр дагавар озоны давхаргад сөрөгөөр нөлөөлж эхэлсэн байна. Эрдэмтэд хлортфтортнүүрстөрөгч хий буюу хөргөлтийн хий агаарт алдагдсанаас болж озоны молекулыг(О3) задлан озоны давхарга дахь озоны хэмжээ багасаж байгааг 1970-аад оны үеэс судлан тогтоожээ.
Анх судлаач Пол Круцэн, Марио Молина, Шервуд Роулан нар 1970-аад оны эхэн үед хлорфторт нүүрстөрөгчөөс үүдэн озон задарч байгаа тухай судалгаанаас эхэлсэн бөгөөд энэ судалгааны ажлаараа тэд 1995 онд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.
Үүнд: хлорфтортнүүрстөрөгч буюу олон улсын химийн нэр томъёогоор CFC, HCFC-ийн төрлийн бодисууд буюу хлор, фтор болон нүүрстөрөгчийн нэгдлийг агуулсан химийн бодисууд орж байна.
Энэхүү CFC, HCFC төрлийн бодисуудыг ихэвчлэн хөргөх тоног төхөөрөмж, агааржуулагч, XPS-шахмал полистрол хавтан, шүршдэг тансаг үнэртэн, гал унтраагч үйлдвэрлэх болон харилцаа холбоо, нэг удаагийн тариур зэрэг нарийн тоног төхөөрөмжүүдийг цэвэрлэхэд хэрэглэдэг. Энэхүү бодисууд нь озоны давхаргыг гэмтээгээд зогсохгүй дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй.
Озоны давхаргаа хамгаалах үйл ажиллагаа:
Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэх зорилгоор озон задалдаг бодисыг бүртгэх, тооллого хийх, хяналт тавих, зөвшөөрлийн тогтолцоо бүрдүүлж, түүнийг бууруулах удирдлагыг зохицуулах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Монгол улс 2010 онд CFC төрлийн бодисын импорт хэрэглээг бүрмөсөн зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа.
Олон улсын хамтын нийгэмлэгийн дараагийн шатны зорилт болох дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (HCFC) бодисын хэрэглээг бууруулах “Монгол улсын HCFC хөргөх бодисын менежментийн хөтөлбөр”-ийг боловсруулсныг Озоны давхаргыг хамгаалах конвенцийн удирдлага 2011 онд баталсан.
Монгол улсад хэрэгжүүлж буй дээрхи хөтөлбөр оролцогч талуудын оролцоог нягт хамтын ажиллагаагаар хангаж хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжиж байгааг Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сангаас цохон тэмдэглэж сайшаасан байна.
Озон задлах чадвар багатай ч дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн (HCFC) төрлийн бодисуудыг үе шаттай бууруулан хэрэглээг бүрмөсөн зогсоох олон улсын шинэ хөтөлбөрийг 2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Монгол улсын Агаарын тухай хуулийн 25.2-т “Тухайн жилд импортлох озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгуулага жил бүр тогтоож, тэдгээр бодис, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоно” хэмээн заасан бөгөөд энэхүү хуулийн дагуу БОНХЯ-ны Озоны үндэсний алба тусгай зөвшөөрлийг олгож байна.
Жил бүр олон улсын конвенцоор хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу тоо хэмжээ/квотыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Сайдын тушаалаар баталж, тусгай зөвшөөрөл олгож тэдгээрт хил, гаалийн ажилтнууд хяналт тавин хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүнд Монгол улс гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (HCFC) бодисын хэрэглээ/импортыг бүрмөсөн зогсоож олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадах юм.
Озоны давхаргаа хамгаалахад хүн бүрийн оруулах хувь нэмэр:
Хүн бүхний эрүүл мэндийг хамгаалах “хуяг” болох озоны давхаргыг хамгаалахын тулд байгальд ээлтэй озоны үе давхаргыг гэмтээхгүй “ozone friendly” эсвэл non-CFC, non-HCFC гэсэн шошготой хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг уриалж байна.
Озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, хөргөх лангуу, XPS- шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн шугам, хүнсний ногоо болон махны зоорийн хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж анхаарах нь зүйтэй юм.
CFC болон HCFC агуулсан хуучин хөргөгч, хөргүүртэй тээврийн хэрэгсэл, хөргөлтийн бусад тоног төхөөрөмжийг импортлохоос татгалзаж, эрчим хүчний хэмнэлттэй, эх дэлхийд ээлтэй, хэрэглэгчдийн хэтэвчинд хэмнэлттэй, озон задалдаг бодисыг орлуулах бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмжийг худалдаж борлуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлж байхаар Монгол улсын Засгийн газраас шийдвэрлээд байна.
Мөн мэргэжлийн инженер техникчдээр хөргөх бодисыг юүлүүлж авсны дараа хуучин хөргөгч хөлдөөгчөө хаяж, устгах ёстойг бас анхаарвал зохино.
Хүссэн эрүүл орчинтой ирээдүйгээ хамтдаа бид бүтээнэ. Та өөрчлөлтийг хийж чадна.
БОНХЯ-ны Озоны үндэсний алба