Эрх барьж байгаа МАН-ын ээлжит 28-р Их хурал хэдхэн хоногийн дараа болно. Монголын улс төр, нийгмийн амьдралд гай ч тарьж, гавьяа ч байгуулж, нурааж, босгож, бүтээсэн 90 гаруй жилийн түүхтэй энэ намын тэр чигээрээ Монголчуудын амьдралтай холбоотой байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эв нэгдэл, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагаараа ялгардаг хэмээн өөрсдийгөө бусад улс төрийн хүчнээс байнга дөвийлгөж байдаг МАН-ынхан 2012 оны сонгуульд ёстой л навсайтал ялагдаж, 2016 оны сонгуульд нам ялалт байгуулсан. Гэвч том ялагдал, түүхэн ялалт хоёртоо энэ намын лидерүүдийн толгой эргэж, өнөөдөр ч энэ хэцүү нөхцөл байдлаасаа гарч чадахгүй будлиж сууна.
МАН-ын дарга М.Энхболдын шахаагаар байгуулагдсан хэмээн ад үзэгдэж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар шунал хүсэл, хувийн эрх ашгаа хорьж дийлж чаддаггүй хэдэн сайд нараасаа болж огцров. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн хонож байна. Улсын Их хурал тарж магадгүй хүндхэн нөхцөлд танхимаа бүрдүүлж, төсвөө батлуулж, шахаа, шантааж хоёрын дунд дөнгөж л сандал суудлаа эмхтгэж байгаа энэ үед МАН-ын ээлжит 28-р Их хурал болж байгаагаараа онцлогтой. Одоо МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгчдийн гарт 2020 он хүртлэх энэ улс орны хувь заяа бий. Тэд энэ удаа МАН-ын даргыг сонгоод зогсохгүй цаашдын засаг төрийг хэн гартаа атгаж явах вэ, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН яаж оролцох вэ гэдгийг шийднэ. Энэ бол түүхэн гэж хэлж болох сонголт. Хэрвээ МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдож чадахгүй бол ганцхан сарын өмнө байгуулагдсан Засгийн газар дахиад л огцрох магадлал өндөртэй.
Ийм түүх ч бий. МАН-ын 25-р Их хурал 2007 оны 10 сард хуралдаж, Санжийн Баярыг энэхүү Их хурлаас намын даргаар сонгож байлаа. Тэр үед С.Баяр “Намын дарга Ерөнхий сайд болох дүрэм бий. Дүрмээ дагана. Ямбаа ч эдэлнэ, ялаа ч үүрнэ” хэмээн хөөрхий муу М.Энхболдыг бүлтэлзүүлж байгаад 2007 оны 11 сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Хэрвээ У.Хүрэлсүх намын дарга болохгүй бол түүний Засгийн газрыг ч ийм л тавилан хүлээж байгаа. Гэвч энэ хэнд ашигтай вэ? Дахиад л засаг төр үймж, сандал суудлын хэрүүл маргаан өрнөнө. Ядарсан эдийн засагтай, задарсан дарга нартай Монгол улсад өнөөдөр улс төрийн тогтвортой байдал, сахилга хариуцлага л чухал.
Шил, шилээ даран хүлээж байгаа өр зээл, өдрөөс өдөрт доройтож байгаа иргэдийн амьдрал, ажилгүйдэл, ядуурал улам л гүнзгийрнэ. Нөгөө талдаа тэдний улс төрийн тоглоомоос айсан, залхсан ард түмний МАН-д итгэх итгэл улам л алдарна. Иймэрхүү байдлаар МАН 2020 оны сонгуульд оролцож ялагдал хүлээх нь тодорхой. Тиймээс МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгчид ямар шийдвэр гаргахыг бүгд хүлээж байна. МАН-ынхан дахиад л засгаа нурааж, төрөө самарч тоглох уу? Эсвэл…
Эх сурвалж:breakingnews.mn