Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

МАН-ын ээлжит Их хурал ирэх даваа гаригт эхэлж, даргаа тодруулна. Мэдээж бусад олон асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ улс орны, улстөрийн хувьд нэн эгзэгтэй цаг үед болж буй эрх баригч намын Их хурлын 1300 гаруй төлөөлөгч хэнийг даргаараа сонгох вэ гэдэг нийгмийн анхаарлыг хамгийн их татаж байна. МАН-ын дарга хэн болохоос  эрх баригчдын хагарал намжих, эсэх, МАН ард түмний итгэж өгсөн 65 суудлын үнэ цэнийг өсгөх, эсэх, нийгмийн хамгийн их хүсэн хүлээж буй шударга ёсны гялаан цухуйх эсэх, өмнөхөөс хамаагүй чадварлаг баг бүрдсэн Засгийн газар тогтох эсэх шууд хамаарна.

МАН 65-уулаа ялсан онцгой үед засгийн эрх мэдэлд очсон, тэр эрх мэдлийн хүрээллээ задалсан хэсэг хүмүүсийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчгүй, тамиргүй байх тусмаа ашигтай гэж бодож байх шиг. Үүнийгээ ч хуучин засаг унаж, шинэ засаг байгуулагдсан цагаас хойш ил далдаар илэрхийлж,  УИХ дээр бойкот хийж, улайм цайм эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

МАН хэзээ ч ийм байгаагүй, юу болов, яав ийв хэмээн жирийн гишүүд нь гайхаж, хамаг үгээ Их хуралдаа хэлэхээр яаран ирж буй. 

Үнэхээр ч МАН-ын түүхэнд УИХ-ын 65 гишүүн нь тэг дундуураа хоёр хуваагдчихсан тохиолдол гарч байсангүй. Эв нэгдлийг имиж болгодог, тулхтай, бодлоготой, удахгүй 100 хүрэх ууган нам ийм байдалд яагаад хүрэв?

Шударга ёсны асар их хүсэмжлэлийн үрээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагааг  яагаад ийм их шахаа шантаажан  дунд эхлүүлэв? 

Олонхийн шийдвэрийг цөөнх хүндэтгэн дагадаг улстөрийн соёлыг яагаад цөөхөн хүн өөрсдийн үзэмжээр үгүй хийгээд байна вэ?

Энэ бүхэнд МАН-ын Их хурлын  төлөөлөгчид  үгээ хэлэхээр, эсвэл хариулт олохыг хүсэж байгаа. Нэг л юм нийгмийн болон нийт олон түмний нүдэн дээр ил байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар аймшигтай их  шахаа, шантаажан дунд ажлаа хийж байна. “Авлига үнэртсэн газар амаа үдүүлээд суухгүй ээ” гэж хэлснийхээ дараа  Бага хурлын олонхийн дэмжлэгээр Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх. Ерөнхий сайд хүн улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүүг, түүгээр дамжин хүн ардынхаа амьдрал ахуйг ерөнхийд нь бүхэлд нь хариуцдаг. Гэвч түүнд зовлон их байна. Дээр хэлсэнчлэн  зарим нэг нь  эрх мэдлээс нь татаж унагасан хэмээн түүнд уурсаж байна.

Манан будантай улстөрийн эрх мэдлийн  зузаан хөшигний буланг сөхөнгүүт элдэв  зэс гууль цухуйж, УИХ хүртэл өөрөө эвгүй байдалд орсон тун ч эвгүй өдрүүд МАН-ын Их хурлын өмнө үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шинэ Засгийн газрын Хууль зүйн сайд болохдоо төрийг мафиас цэвэрлэнэ гэж зарласан. Өндөр дуугаар, хоёрдмол утгагүй зарлаж байгаад, зарласнаа ажил болгоод Тагнуулын дарга, Цагдаагийн дарга нарыг сольсон. Тагнуулын даргаас буусан Б.Хурц Элчингээр явах асуудлаа дор нь шийдүүлж, эсэргүүцсэн Их хурлын гишүүдийг хэрхэн “нам дарж” байгааг Монголын ард түмэн нийтээрээ телевизээр харсан. Зарим нь тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хуулийн байгууллагууд улстөрчидтэй хэрхэн заваарч, хэрхэн тагнаж чагнадаг тухай олон удаа ярьсныг санаж байгаа байх. Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж, Ц.Нямдорж Хууль зүйн сайд болоогүй бол Б.Хурц Тагнуулын даргаасаа хөдлөхгүй, УИХ дээр хурц хурц асуудал ярихгүй байх байсан. Магадгүй улстөрчдөө тагнаж, чагнаж, айлган сүрдүүлж, нэг хэсэгтэй нь хуйвалдан нөгөөг нь намнах үйл явц чимээгүй цаагуураа үргэлжилсээр байх байсан биз ээ.

Монголын төр, засгийн дээд түвшинд олон зүйл хууль бус болсны илрэл Хурцаар хурц илэрхийлэгдэж байна гэж хүмүүс ярьцгааж байна.  Тиймээс улстөрд хэт даварсан ба бугшсан асуудлууд, тэр асуудлын ард байгаа хүмүүс байрнаасаа хөдөлж  л байвал сайн. Тэр сайны эхлэл У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан явдал байв.

Зарим нэг хүн ба асуудлууд байрнаасаа хөдөлсөн явдал зөвхөн эхлэл.

Асар их шахалт, хавчлага дунд шударга ёсны цучил асаах  эхлэлийг тавьж чадсан У.Хүрэлсүх, Ц.Нямдорж хоёр бол баатрууд.

Тиймээс МАН-ын Их хурлын төлөөлөгчдөд нэг л зүйлийг эргэцүүлэн бодож, өнгөрсөн жилүүдийг нэхэн санаж, буцан бодож  намын даргаа сонгохыг уриалья. 

Шударга ёсыг тогтоох У.Хүрэлсүхийн үгийг сана, төрийг мафиас цэвэрлэх Ц.Нямдоржийн зорилгыг бод, Б.Хурцын хурц араншингийн цаад шалтгааныг олж  хар. Энэ бүхнийг бодож эргэцүүлэн намын даргаа сонго. Энэ засагт илүү эрх мэдэл өгье, том зорилгыг нь нийгмийнхээ эрх ашигт огтлолцуулж тавья.

Хэрвээ У.Хүрэлсүхийг МАН даргаараа сонговол:

  •  – МАН-ын  хагарал намжина. Яагаад гэвэл хүссэн хүсээгүй эрх мэдлийн төвлөрөл түүнд ирэхээр УИХ-ын гишүүд төдийгүй нийтээрээ тойроод дэмжээд ирнэ.
  • – МАН-д ард түмний итгэж өгсөн 65 суудлын үнэ цэнэ өснө. “Ард түмэн өлссөндөө уурлаад байгаа юм биш, шударга ёс алдагдсанд л хамгийн их уурлажЭцэст нь хэлэхэд байгаа юм” гэдэг үгийг саная. Шударга ёсны хүсэмжлэл дээр МАН-ын Бага хурал У.Хүрэлсүхийг дэмжсэн бол Их хурал үүнийг баталгаажуулах шаардлагатай байна.
  • – Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа уул уурхайн бизнесийн ашиг сонирхлоос хамгаалах гэж энэ талын ашиг сонирхолтой зарим сайдад нэр дэвшигчдийг хүлээж аваагүйг хүмүүс мэдэж байгаа. Илүү чадварлаг мэргэжлийн хүмүүсээр сайдуудаа бүрдүүлсэн. Тиймээс энэ засаг  бол чадварлаг засаг. Чадварлаг, шударга ёсны төлөө Засгийн газраа дэмжих үүрэг Их хурлын төлөөлөгчдөд ногдож байна.

 У.Хүрэлсүхийн Засгийн газар бол МАН-ын Засгийн газар. У.Хүрэлсүх 65-тай адилхан УИХ-ын гишүүн биш л болохоос халуун залуу наснаасаа МАН-д  зүтгэсэн, эрс шулуун, эрэмгий дайчин имижтэй тод,томоохон  лидер. Түүнийг МАН-ын гишүүд дэмжиж, МАН-ын даргаар сонговол нийгэмд ч , МАН-д ч хэрэгтэйг надаар хэлүүлэх юун.

Эцэст нь дахин хэлье. Нийгмээ хар, улстөрөө хар, өнгөрсөн үеийн улстөрчдөөс үлдээсэн өв юу байна, эргэцүүлж сайн бодоцгооё.

У.Хүрэлсүх шударга ёсыг тогтооно гэсэн, үүнд нь бид итгэдэг. Ц.Нямдорж Монголын төрийг мафиас салгана гэсэн, үүнд бас бид итгэж байгаа.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт хэлснээ биелүүлэх боломжийг олгож, дэм хүч өгье, МАН-ын Их хурлын төлөөлөгчдөө.

Эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …