Хүний бие организмд өвчний нян вирус орж ирэхэд дархлааны систем ажиллаж эхэлдэг нь жам ёсны үзэгдэл. Үүний цаана амьд үлдэх гэсэн, өөрийн зөв голдиролыг эрүүл саруулаар нь хамгаалж авч үлдэхийг эрмэлзсэн процесс явагдаж байдаг. Энэ бол байгалийн хууль. Үүнтэй яг адилхан нийгмийн аливаа байгууламж, тогтолцоо бүр өөр өөрийн гэсэн дархлааны системтэй байдаг. Юм яаж ч муудлаа гээд дандаа сайжрах талруугаа явж байдаг гэж …хэлсэн нь ч ийм учиртай. Улс төрийн нам гэдэг институц бол нийгмийн чухал байгууламжуудын нэг. Тиймдээ ч намууд самуурах, эсвэл сайжрах нь зөвхөн намуудын биш нийтийн эрх ашигтай холбоотой асуудал юм. АН сонгуульд навс ялагдан есөн суудалтай үлдсэн. Энэ бол тус нам хүнд өвчин тусч, дархлааны систем нь дарангуйлагдсан байсны нотолгоо болсон. Өвчин тусч байж эдгэрдэг шүү дээ. Хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны л асуудал.
МАН өнгөрсөн сонгуулиар ялгуусан их ялалт байгуулж парламентад 65 суудалтай боллоо. Өнгөн дээрээ МАН мандаж байгаа юм шиг дүр зураг харагдсан боловч үнэндээ дотроо нян вирустээ дарлуулж өвчин далд хэлбэрт орж бугласан байжээ. Ханиад хүрсэн ч халууны эм ууж явсаар хатгаа болж хүндрүүлжээ.Үүнийг өчнөөн олон баримтаар нотолж болох ч хэтэрхий нурших тул нэгийг л цухас дурдъя. Засгийн эрх баригч улс төрийн хүчин солигдоход ерөнхий сайд томилогдсон өдрөө л тагнуулын даргыг сольдог жишиг бий. Гэтэл АН-ын засгийн үед томилогдсон төдийгүй экс ерөнхийлөгчтэй шадарладаг тагнуулын даргыг солилгүй бүтэн жил гаруй явсан нь МАН гэдсэн дотроо бэтэг тээж явсны илэрхийлэл юм. Өвчин хүндэрч ХУРЦ-ын тасагт шилжсэн байжээ.
Сонгуульд орохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөрийг эрх бариад хэрэгжүүлж эхлэх учиртай. Гэтэл нэг л биш болоод явчлаа. Цаашид яг энэ байдлаар явбал өвчин ужгарч амласнаа хийж хэрэгжүүлэх, 2020 оны сонгуульд ялах нь битгий хэл систем өөрөө өөрийгөө устгах байдал руу орох нь илэрхий болж эхлэв. Энэ байдлыг өчигдөрхөн итгэл үзүүлсэн сонгогчид ч олж харжээ. Сонгогчид бол цагаан цаас гэж зарим “ухаалаг” улс төрчид үздэг ч үнэндээ сонгогчид Не дурак. Яс юман дээрээ АН сайндаа ч ялаагүй МАН муудаа ялагдсан юм. Сонгогчид тэнэг биш учраас ерөнхийлөгчийн сонгуулиар хатуухан донгодож сануулга өгч байгаа нь тэр. Сануулгыг үл тоомсорловол 2020 онд бүр ч хатуухан донгодох нь хамгийн ухаан муутай хүнд ч ойлгогдохоор л байна. Мэдээж цаашдаа энэ байдлаараа явж болохгүй гэсэн ухамсар соёолж, өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байгааг энэ нам доторх нэг хэсэг нь хүчтэй гаргаж тавьсан. Улмаар МАН дахь дархлааны систем идэвхжиж организмд нэвчсэн гадны нян вирусийг цэвэрлэж эхэллээ.
Баримт гурав болохоороо хандлага болдог гэж С.Баяр хэлж байв. МАН дахь энэ дархлааны систем өмнө нь гурав бус удаа ажиллаж байсаныг хэвлэлийн хуудас, өмнөх архиваас харж болно. Өнөөдрийн ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа үзэл санааг хамгаалсан 20 гаруй жагсаалыг зохион байгуулж өөрөө толгойлж явжээ. Тиймдээ ч “Улаан хамгаалагч” гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан нэгэн. Н.Энхбаяр намыг дангаараа базаж хэмжээгүй эрхт хаан шиг байх үед тэр л ганцаараа сөрж зогсож байв. Хаан байх үед нь хамгийн их долоож байсан нөхдүүд унасных нь дараа харин хамгийн их өшиглөсөн дөө. Эндээс эрийн хуйх, зарчмын ялгаа үнэртдэг. Харин өнөөдөр У.Хүрэлсүх намын дарга болох гэж байна. Аль ч судалгаа аваад үзсэн намын их хурлын 1300 гаруй төлөөлөгчдийн үнэмлэхүй олонх нь нам эрүүлжих ёстой гэж үзжээ. Гол нь нийгмийн захиалга ч ийм байгааг тэд сайн мэдэрч байгаа. Эндээс МАН дахь дархлаа нэгэнт сэргэснийг харж болно.