Монголын ард түмэнд “Хонгорт итгэх үү, Хаянд итгэх үү” гэх асуулт тулгарч байсан удаатай. Хэрвээ Хаянд итгэвэл бүхэл бүтэн сумын хүн ардыг “Хамуутай” гэж доромжлоход хүрэх байв. Учир нь Хонгор сумынхан цианит натрид хордсон гэж, Хаян дарга болохоор тэднийг хордоогүй ээ, ердийн нэг хамуу гэж хоёр туйлд мэтгэлцсээр он удаж, эцэстээ Хонгорынхон хордсон хэвээрээ үлдэж, Хаян дарга МАН-ын манлай улстөрч болж өнөөдрийг хүрэв. Өнгөрсөн хугацаанд бүр таван мянгуулаа байсан Хонгор сумынхан өдгөө 600-уулаа л үлдсэн. Тиймд үнэний дэнсэн дээр 600 хүний нэр төр, үнэт зүйлийг ердөө ганцхан хүний эрх мэдэл, албан тушаалтай жинлэж, жишиж, харьцуулж, зольсон нь чухамдаа Хаян итгэсний балаг байсан юм.
Тэгвэл өдгөө Хаян дарга маань МАН-ын дарга болохоор санаархаж, худал хуурмагтаа итгэхийг намын гишүүдээсээ хэлэмгий нь аргагүй нэхэж сууна. Ийнхүү Хаянгийн нэр мандан бадарч, Хонгор сум балран доройтсонтой адил замаар эрх баригч намын хувь заяа цаашид замнах вий гэсэн эмзэглэл эрхгүй төрж, үзгээ шүүрэхэд хүргэв.
Д.Хаянхярваа эзтэй юм шиг амладаг, амласан нь эзтэй юм шиг эсрэгээрээ биелдэг улстөрч. Дархан-Уул аймгийн Засаг даргад нэр дэвшиж байхдаа Д.Хаянхярваа Хонгор сумыг сонгомол жижиг сум болгоно хэмээн амласан байдаг юм. Гэтэл одоо ямар байдалтай сум болсныг нутгийн иргэд бүү хэл, Монголын ард түмэн гадарлаж буй. Д.Хаянхярваагийн хэлснээр сонгомол сум болсон гэхэд болно. Гэхдээ эсрэг утгаараа л даа. Ард иргэдийг нь Эрүүл мэндийн яамнаас “хамуутай” хэмээн зарлаж, хөрс нь цианитад хордож, ус нь мөнгөн усанд нэрвэгдэж, бүсгүйчүүд нь дутуу төрж, үнээнүүд нь хээл алдаж Монголын уул уурхайн балгаас үүдэлтэй эмгэнэлийн жишиг сум болж хувирчээ.
Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ энэ бүхний гол буруутан нь Д.Хаянхярваа байх атал “хээр явж байгаад хээл алдсан хэдэн үнээний төлөө” аймгийн Засаг дарга нь хариуцлага хүлээдэг хууль байхгүй гэж цэцэрхээд, цэц булаалдаад, мэлзээд, мэдэн будилаад нэр цэвэр үлдсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан цөөнгүй албан тушаалтан хариуцлага хүлээсэн байдаг ч Хаян дарга харин МАН-аасаа шагнал гардаад явж байсан түүхтэй.
Өдгөө УИХ-ын сэнтийд улиран сонгогдож, МАН-ын бүлгийн дарга болтлоо томорсон Д.Хаянхярваа нүдэн балай, чихэн дүлий болж жүжиглэхдээ үнэн гаргуун. Их олон жишээ баримт бий.
“Би хэзээ ч худал амлаж байгаагүй. Би хэлсэнээ л ажил болгодог” хэмээн сонгуулийн танилцуулах хуудсан дээрээ тод улаанаар цохон тэмдэглэсэн улстөрч маань Сангийн сайд хүртэл хийж үзсэн. Түүний мөрийн хөтөлбөрт тусгаснаар бол өдийд Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр сүндэрлэчихсэн, олон зуун хүн ажлын байраар хангагдсан байх ёстой байлаа. Хээтэй, хээгүй хороолол, шинэ хуучин Дархан гэлтгүй орон сууцанд л толгой хоргоддог бол интернэтийн сүлжээнд холбогдоод дэлхийгээр тэнэх байлаа. Аймгийн хатуу хучилттай хуучин замыг хуу татаж, бүрэн шинэчилсэн зам дээгүүр давхих байлаа. Дархан хотын дулааны хоёр дахь эх үүсвэрийг барьж байгуулна, “Дархан Их Сургууль” цогцолбор байгуулах асуудлыг орчин үеийн менежментээр шийдвэрлэнэ, Шарын гол сумыг Дархан хоттой хатуу хучилттай замаар холбоно. Орхон сумын төмс, хүнсний ногоог жилийн туршид жигд борлуулах зоорийн нэгдсэн аж ахуйн зохион байгуулалтад оруулан, цэвэр усны хангамжийн нэгдсэн системтэй болгож, цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулна гэх мэтээр түүний сонгуулийн амлалт үргэлжилнэ. Гэвч энэ бүхэн Дарханчуудын хулхин дээр ургуулсан дур татам цэцэг байлаа.
Сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн учраас удаа дараа сонгогдож байгаа хэрэг гэж олон хүн эндүүрдэг. Үгүй юм аа. Улиран сонгогдож чаддаг нь ард түмнийг сайн хулхидаж, худлаа ярьж, хуурмаг дүр эсгэж чаддагийнх болохоос биш, итгэл даасны илэрхийлэл биш.
Д.Хаянхярваа бол ярьж байгаа шигээ бүхэл бүтэн нэг намын эв нэгдэл, эрх ашгийн төлөө бат зогсож чадах туйлбартай нэгэн биш. Харин М.Энхболдын залгамжлагч, МАНАН бүлэглэлийн эрх ашгийг МАН дотор хадгалан авч үлдэх орлон тоглогч гэвэл яг ононо.
Юуг ч мэдэн будилаад, эсвэл хууран мэхлээд өнгөрөх шалгарсан авъяас нь л МАН-д хэрэг болдоггүй юм бол Д.Хаянхярваа ханилгаагүй, итгэлгүй нэгэн гэдэг нь өнгөрсөнд тодорхой болсон баримт. Д.Хаянхярваагийн удирдлаган дор ажиллаж байсан хэсэг нөхөд нь “аавын хаалгыг” татаж, харин тэр л нэр цэвэр үлдсэн нь үүний нэгээхэн жишээ. Нөхдийгөө 2008 оноос хойш байцаагдаж шоронд орох хүртэл нь Хаян дарга хүний урманд нэг ч удаа өмгөөлөөгүй. Өмгөөлвөл хам хэрэгтэн болчих учраас өөрийгөө сүйд хийчихгүйн төлөө нэр төрийнхөө өчүүхэн оромжинд тэр бүтэж үхэх нь холгүй бүгсэн.
Одоо тэр намынхандаа “Надад итгэ” гэж хэлж байна. Д.Хаянхярваа сүүлийн үед намынхаа залуу түшээдэд ёс зүйтэй, эв найртай, эелдэг даруу байхыг номлодог болсон. Эв нэгдэл гэж наанаа цэцэрхэх хэрнээ цаагуураа 60 тэрбумынхан буюу 32-ын бүлгийн талд баттай зогсож, намынхаа хагарлыг улам дэвэргэж байгаа гол хүний нэг гэдгийг намынхан нь андахгүй хэлнэ. Тиймээс МАН-ын их хурлын ихэнх гишүүд Хаянд хулхидуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа аж.
Б.Хурцболд
zindaa.mn