Байр суурь: Нам, төр нэгдмэл бодлоготой байж эв эеийг эрхэмлэнэ

Улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Монгол Ардын Намын 211.000 мянган гишүүнийг төлөөлж намын XXVIII Их хуралд 1283 төлөөлөгч сонгогджээ. Тэдгээрийн 696 нь буюу 53.2 хувь нь Их хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байна. Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 39.3 хувь нь 36-45 насныхан, 32 хувь нь 46-60 насныхан, 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа аж.  Эдгээр төлөөлөгчдийн дунд хамгийн ахмад нь 100 настай,  хамгийн залуу төлөөлөгч 22 настай.

Монгол Ардын Намын XXVIII Их хурал өчигдөр  үдээс хойш салбар хуралдаануудаар үргэлжилсэн.  “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”, “Их хурлаас гаргах уриалга”-ыг хэлэлцэх гурван салбар хуралдаан зохион байгуулсан. Салбар хуралдаануудаас гарсан шийдвэр, санал бодлыг Их хурлын нэгдсэн хуралдаанд уламжилж, нийт төлөөлөгчдийн саналаар хэлэлцэн батлав.

Тэгвэл өнөөдөр намын даргаа шинээр сонгох юм. Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг өрсөлдөхөөр болоод байгаа юм.

МАН-ын цаашдын хувь заяа намын даргын сонголтоос ихээхэн хамаарна. Иймд гишүүдийн зүгээс эв нэгдлийг эрхэмлэж, нам, төр нэгдмэл бодлоготой явах ёстойг сануулж байсан юм. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй

 МАН-ын шинэчлэлээс Монголын цаашдын хувь заяа шалтгаална гэж харж байна. Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж  бодож байна. Одоо мөрдөгдөж байгаа намын дүрмээр бол “Хэрэв нам нь сонгуульд ялах юм бол  Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. 2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг.   Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан.

  Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай

Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Хоёрдугаарт,  эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа шинэчлэх, дүрмээ шинэчлэх шаардлага байна. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт авч ирэхийн тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн тулд тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 

  Их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид  2016-2020 оны Засгийн газрын  мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонголтыг хийгээсэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Засгийн газар, намын бодлого нэгдмэл байх  ёстой

 Нам, төр нэгдмэл бодлоготой явах ёстой. Тэр дундаа Засгийн газар, намын бодлого нэгдмэл байж УИХ-ын сонгууль болон бусад бүх шатны сонгуульд ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс миний байр суурь бол МУ-ын Ерөнхий сайд намын дарга болох нь зөв гэж үзэж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан:  Намын дарга гэдэг бол улс орны ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлогч

Намын үйл ажиллагааг зөв зохион байгуулах гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх зорилгоор улс орныхоо хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах тал дээр илүү анхаарах ёстой. Яагаад гэвэл эрх баригч намын дарга гэдэг бол улс орны ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлж түүнийгээ ямар цаг хугацаанд хэрэгжүүлэх үү гэдгийг нэгдүгээрт тавьж байх ёстой хүн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Эв нэгдэл хамгийн чухал байна

 МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойшхи үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна. Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна.  Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцож буй төлөөлөгчид хэдийгээр нийт ард түмэн биш ч гэсэн төлөөллийг хангахуйц ардчилал юм.  Их хурлын хүрээнд намын дүрмийн шинэчлэл яригдаж байгаа нь бас их сайшаалтай. Намын гишүүд энэ тал дээр олон санаачлага гаргаж байгаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Ерөнхий сайд нь намынхаа даргыг хамт хийх нь зөв

МАН эрх баригч намын хувьд сонгодог парламенттай орнуудын жишгээр буюу Ерөнхий сайд нь намынхаа дарга нь болдог энэ жишгээр бид явах ёстой.

zindaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …