Түүхэн сонголт: МАН өнөөдөр “60 тэрбум”-ын авлигачдаасаа салж чадах уу

МАН-ын 28 дугаар их хурал өнөөдөр үргэлжилнэ. Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх МАН түүхэн сонголтын өмнө ирээд байна. Намын дарга, удирдлагыг хэн авах нь намын ирээдүйн хувь заяа хамаарах учиртай. Гол өрсөлдөөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын дунд өрнөнө.

Зуун жилийн түүхийг бүтээж буй МАН-д шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэх цаг хэдийнээ ирсэн гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаа хангалттай харууллаа. Төрийн албыг наймаалдаг, авлига авдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг хэсэг бүлэг нөхөд МАН-д эзэн суужээ. “Жаран тэрбум”-ын гэх бичлэг, концессын гэрээ үүний тод жишээ юм. Авлигач нөхдөөсөө МАН салах цаг ирсэн. Ингэхгүйгээр, МАН шинэчлэгдэхгүй. Өөрчлөлт, шинэчлэлт, улс орны хөгжлийн тухай ярих боломжгүй билээ. Ард түмний өмнө унасан нэр хүнд, алдаагаа засах боломж өнөөдрөөс цааш олдохгүй. Олон жилийн бугшсан идээ бээрийг шахах лидер өнөөдөр тодорч байж МАН-д гэгээ татах учиртай.

Тийм шинэчлэлт өөрчлөлтийн салхийг хэн эргүүлж чадах вэ. У.Хүрэлсүх үү, Д.Хаянхярваа юу.

Д.Хаянхярваа гэж хэн билээ. Нам удирдах лидер мөн билүү. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 65-ын бүлгийг удирдахдаа бүлгээ тэг дундуур нь хоёр хуваасан “гавьяатай” нэгэн гэж тодотгож болно. УИХ дахь бүлгийн даргын хувьд базаж, эв нэгдэлтэй байлгаж чадаагүйгээс нь үзэхэд тэр намаа зангидаж чадна гэдэгт итгэхэд бэрх байна. Бүлгээ удирдаж чадаагүй эрхэм бүхэл бүтэн том намыг толгойлж чадах уу. Д.Хаянхярваа нь М.Энхболдын тэргүүлж буй 32-ын бүлгээс нэр дэвшиж байгаа. Өөрөөр хэлбэл М.Энхболдын төлөөний хүн. М.Энхболдыг Д.Хаянхярваагаар сольсноор МАН-д шинэчлэлт, өөрчлөлт явагдахгүй. МАН-д 60 тэрбумын бүлэглэл оршсоор, намыг удирдсан хэвээр байна гэсэн үг. Д.Хаянхярваа бол М.Энхболд юм.

Монгол төрийн зовлон, МАНАН бүлэглэлийн гол удирдагч М.Энхболдын хүн намын даргаар сонгогдвол намын шинэчлэл, улсын хөгжлийн тухай ярих боломжгүй болно. МАН-ын гишүүд төдийгүй ард түмэн тэнэг биш билээ. 60 тэрбумын бүлэглэл нам удирдах нь байтугай, МАН тэднийг хөөн зайлуулж байж алдсан нэр хүндээ сэргээж авах учиртай. Тиймээс Д.Хаянхярваа нь МАН-ын тугийг барих эрхэм яав ч биш билээ.

Харин У.Хүрэлсүх хэрхэх вэ. Анх 1989 оноос Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоос ажлын гараагаа эхэлсэн түүнд улс төрийн 30 жилийн арвин туршлага бий. Намын залуучуудын байгууллагыг сэргээсэн, намынхаа тугийг толгойдоо ороож сөрөг хүчний эсрэг улс төрийн тэмцэл эхлүүлж явсан үе түүнд бий. Авлига албан тушаалын наймаа, олигархуудыг үүрнээсээ хөөх, цэвэрлэх магадгүй сүүлчийн боломж МАН-д өнөөдөр тохиож байна. Энэ цэвэрлэгээг хийх хүн нь У.Хүрэлсүх байх учиртай. Түүн шиг зоригтой, шударга, шийдэмгий лидер өөр алга. Тэр намын дарга болсноороо хүчтэй Ерөнхий сайд байна. Намын тамгагүй Ерөнхий сайд хүчгүй, эрх мэдэлгүй. Намынх нь түүнийг дуртай үедээ огцруулах акцыг хийнэ. Намын дарга болсноор Засгийн газар тогтвортой байж, бүтэн нэр бүлээн зүстэй 2020 онтой золгоно. Харин МАН-ын их хурлын төлөөлөгчид 60 тэрбумын төлөөлөл Д.Хаянхярвааг сонговол, 2020 онд МАН-д ард түмэн итгэл хүлээлгэхгүй билээ. “Жаран тэрбум”-ын авлигачдаасаа салж чадаагүй намд хэн итгэх вэ.

Т.Түвшин

ZINDAA.MN  

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …