У.Хүрэлсүхэд эрх мэдлийг нь бүтэн өгчих

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээж аваад сар гаруйн хугацааг ардаа орхижээ. Өнгөрсөн аравдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганаар түүнийг Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдаар тохоон томилсон. Гэвч тэрбээр энэ ахархан хугацаанд өмнөх ямар ч Ерөнхий сайдын даваагүй даваа, туулаагүй замыг туулав. Мэргэжлийн засгийн газрын Шадар сайдын албанаас татгалзах өргөдлөө наймдугаар сард өгсөн тэрбээр шударга, зарчимч нөхдөөр хүрээлүүлсэн шинэ Засгийн газар байгуулахыг зорьсон.

 Тэр уг нь 60 тэрбум, сайд нарын өөрсөндөө хуваарилсан концессын гэрээ, Хармагтайн ордыг тойрсон хуйвалдаан зэрэг асуудлуудын эсрэг боссон хүн юм. Сар гаруйхан хугацаанд хашсан Ерөнхий сайдын ажлыг өнөөдөр дүгнэж цэгнэж, үр дүн нэхэж зогсоо нь даанч инээдтэй дүр зураг л даа. Магадгүй түүний хүссэнээр Засгийн газрыг нь байгуулахад элдэв хориг тотгор тавилгүй, зорьсон санаснаар нь ажилуулсан бол өнөөдөр түүнээс элдэв асуулт асууж, амлалтынх нь хариуг хэлүүлж болох л доо. Шударга ёс, хариуцлагыг хүсэж,  Засгийн газар хувийн эрх ашгийн төлөө бус ард олныхоо төлөө ажиллах ёстой гэдэг зарчмыг өмнөө тавьсан. Даанч тийм боломж байсангүй.

 60 тэрбумын нөхдийн шантааж УИХ-ын чуулган хаях мэт байдлаар үргэлжилж өөрсдөөсөө зургаан Сайд түүний Засагт шургуулсан. Түүнийг ямар нэг байдлаар “бойкотолж”, байж болох бүхий л аргаа хэрэглэн зогсоож,  удаашруулсаар өнөөдрийг хүрэв. МАН-ын ээлжит их хурал хоёр дахь өрдрөө үргэлжилж, өнөөдөр намын даргаа сонгоход туллаа. Энэ цөөхөн хоногийн хугацаанд ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газрын нөхөд, олны өмнө хэлэх үгтэй хийж эхэлсэн ажлын ахицтайгаар энэ өдрийг угтаж байна. Нүд нь боолттой, гар нь уяатай мэт нөхцөл байдлын дор ажиллах шиг болов.

 Өөрийн эсэргүүцсэн МАНАН бүлэглэл, 60 тэрбумын нөхдөөс бүрэн ангижрах боломж нөхцөл түүнд арайхан олдсонгүй. Засгийн газраа бүрдүүлэх өөрийнх нь хүсэл зорилгынх нь өмнө өрсөлдөгчид байнга садаа болсоныг бид мэднэ. Яг тэхий дундуураа хуваагдсан УИХ дахь намын нөхдийнх нь  амбиц, хувийн эрх ашиг түүнд саад болов. Гагцхүү У.Хүрэлсүх өөрөө МАН-ын даргаар сонгогдож гэмээн Засгийн газраа жинхэнэ утгаар нь авч явна. Хэн нэгний үгээр ажилладаг сайд өөр тийш харж, өгсөн үүрэг даалгаварыг нь гүйцэтгэдэг албан тушаалтан түүнтэй гар нийлж ажиллахгүй нь лавтай.

 Түүнтэй МАН-ын даргад Н.Дэмбэрэл, Д.Хаянхярваа нар өрсөлдөж буй. Гол өрсөлдөгч гэж үзвэл Д.Хаянхярваа харж болох юм. Г.Майцэцэг гэх бизнесийн салбарын эмэгтэйн нэр дуулдаж байгаа ч түүнийг дэмжигч бараг үгүй бизээ. “Намайг дэмжвэл намынхаа удирдлагуудад өршөөл үзүүлнэ…” гэх маягаар сурталчилгаа явуулсан харагдсан. У.Хүрэлсүхэд МАН-ыг өнөөдрийн байдалд хүргэлээ гэдэг нэр хаяг зүүж буй. Гэвч яг үнэндээ Д.Хаянхярваа МАН-ын УИХ дахь бүлгийг толгойлдог билээ. Тиймээс намын нөхдийнхөө цөөнхийг бүтэн байлгаж чадахгүй байгаа Д.Хаянхярваагаас дээрх бурууг хаймаар. 64-хөн хүний эв нэгдлийг сахиж чадахгүй байгаа энэ эрхэм Монголын хамгийн том  намын өрхийг толгойлоод цааш авч явах нь юу л бол.

Энд нэг зүйлийг тодруулахад, өөрсдийн эр ашгийг урдаа барьдаг шуналтнуудын шуналаас болж монгол орон доройтож байх шиг. Монголыг гурван үсгээс бүтсэн нэртэй гуравхан компани гурван талаас нь сорж байгаа нь нууц биш. Тэд бол MCS, ХХБ, МАК. Тэд Монголыг ямар ч үнээр хамаагүй зарж өөрсдийн мөнгөний улс болгох зорилготой “солиотнууд” юм. Сайд нараар нь, намаар нь, төсвөөр нь барьцаалан улс төржилт энэ хэдэн өдүүдэд өрнөсөөр шувтаргынхаа хаалгыг татаж, өнөөдрөөр дуусгавар болгох тийш хандаж байх шиг. Энэ өдөр У.Хүрэлсүхийн хувьд ч тэр, улс эх орны хувьд ч тэр хамгийн сүүлийн барьцааны өдөр.

 Өнөөдрөөс У.Хүрэлсүх барьцаалагдсан улстөрч байхаа болих биз.  Б.Хурцыг Солонгосын элчин сайдаар томилох тухай асуудал намаар дамжсан тулгалт байсан гэдэг нь гарцаагүй. Түүнээс тэрбээр Б.Хурцаас айлгүйгээр Шадар сайдын албаа өгч “60 тэрбум”, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн. Харин Б.Хурцад У.Хүрэлсүхийг шантаажилчихаар баримт сэлт байсангүй. Дэмий л “тэр өөрийгөө мөшгөсөн байна…” гэдэг хүн итгэхийн аргагүй тайлбар хийсэн. Ямартаа ч Б.Хурц М.Энхболдын хүн учраас У.Хүрэлсүийн эсрэг ажилласан биз. Хагас эрх мэдэлтэй байна гэдэг өөрийн санасны хагасыг гүйцэлдүүлнэ гэдэгтэй агаар нэг билээ. Харин түүнд бүрэн эрх мэдэл хэрэгтэй. Бүрэн эрх мэдэл нь мэдээж МАН-ын даргын албанд сонгогдож чадаж байж түүнд олдох юм. Тиймд У.Хүрэлсүхэд бүтэн эрхийг нь өгчих, тэгээд бүтэн үр дүн түүнээс хүлээе.

З.Говьсайхан

www.zindaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …