МАН Их хурлынхаа хоёр дахь өдөр намын даргаа сонгоно. Засгийн эрх баригч МАН-ын дарга хэн болохоос ирэх 3 жилд тус нам хариуцлагатай байж чадах уу, эсвэл АН-ын өнгөрсөн 4 жилийн алдааг давтах уу гэдэг шууд шалтгаална.
Мөн МАН цаашдаа эвдрэлцсээр байх уу, эвлэрч үлдэх үү гэдэг энэ удаагийн Их хурлаар хэнийг намын даргаараа сонгохоос шууд шалтгаална.
Шуудхан хэлэхэд одоогийн засгаа тогтвортой цааш үргэлжлүүлэх үү, эсвэл дахин засгаараа тоглох уу гэдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын дарга болгох уу, УИХ-ын гишүүн Д.Хаянхирвааг сонгох уу гэдэгтэй адилхан асуулт юм.
Өөрийн сонгож итгэл үнэмшлээ өгөн, бүр засгийн эрхэнд үнэмлэхүй ялалтаар гарч, улс орныг удирдаж байгаа нам нь дахин засгаараа тоглохыг намын дийлэнх олонх гишүүд зөвшөөрөхгүй.
МАН хэрвээ улс орныг удирдаж чадна хэмээн итгэл үнэмшлээ өгсөн л бол тэр гишүүн улс орноо дампууруулахыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймдээ ч энэ Засгийн газраа тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын даргаараа сонгохоор улс орны өнцөг булан бүрээс төлөөлөгчид цугларчээ.
Гэвч тэдний сонгох сонголтод нөлөөлөхөөр өрсөлдөгч талынхан элдэв арга мэх хэрэглэж байгаа гэх мэдээлэл ч тархаад байна. Их хурлын төлөөлөгчид хэрвээ тэр арга мэхэнд автахгүй сонголтоо хийж чадвал намаа төдийгүй улс орноо аварсан хэрэг болох юм.
Энэ авралт нь:
Нэгд, Засгийн газраа тойрч МАН-ынхан эвлэлдэн нэгдэнэ. Дахин шинэ засаг байгуулна, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн “зарчмын” асуудал яригдахгүй. Нэг үгээр, МАН ирэх гурван жилд эвтэй найртай улс орноо удирдан хөгжүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг.
Хоёрт, Өмнөх засгийг бодоход харьцангуй шударга, мэргэжлийн, элдэв хэл аманд орооцолдоогүй сайдуудаас бүрдсэн Засгийн газрын танхим цаашид тогтвортой ажиллах бат бэх суурь болно.
МАН-ын Их хурлын төлөөлөгчид У.Хүрэлсүхийг сонгож, улс орноо аварч, намынхаа эв нэгдлийг зангидах уу? Энэ бол МАН-ынхны төдийгүй нийт ард түмний хүсэл.
Ард түмний хүсэл бол МАН-ын Засгийн газар тогтвортой байх, өнгөрсөн сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард түмний амьдралыг өөд татах. МАН-д итгэж, итгэлээ өвөрлүүлсэн ард түмэн тогтвортой байх, улстөрийн хэрүүл, талцлаа зогсоох, улс орны төлөө ажлаа хийхийг л хүсэж байна.
Энэ хүслийг хангах гол тулгуур, эзэн нь өнөөдөр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тиймээс У.Хүрэлсүхийг МАН даргаараа сонгоосой гэдэг бол олон түмний хүсэл. 2016 оны сонгуулиар ард түмнээс итгэл хүлээн УИХ-д 65 суудал авсан МАН цаашид ард түмний хүлээлтэд нэг удаа эерэг хариу өгөх үү?
Үүний хариултыг Их хурлаас хүлээж байна.
Ө.Түмэнбаяр
gereg.mn