Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаний урилгаар 2013 оны 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ.
2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Бүх Хятадын Ардын Их Хурлын Ордонд хүлээн авч уулзлаа.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин гүнзгийрч, шинэ агуулга хэлбэрээр баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэн, цаашид талууд бодит үр ашиг авчрах томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, ялангуяа уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой талаар харилцан санал солилцлоо.
Талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон тэмдэглэж, айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдах “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад тодорхой түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. эх сурвалж: засаг.мн