Японы алдарт жүжигчин, дуучин Мацу Такако 1977 оны 6 сарын 10-ны Токио хотноо мэндэлжээ. Түүнийг “Дурлах нас” киноны Рико бүсгүйн дүрээр нь манай үзэгчид сайн мэддэг билээ. “Дурлах нас” кино UBS телевизээр гарч, монголчуудын сонирхлыг татаж, киноны дуу нь хит болж байсан.
Гол дүрийн залууд Кимура Такуяа, эмэгтэйд нь Мацу Такако тоглосон. Тус кино 1997 онд дэлгэцнээ гарч, Азийн үзэгчдийг байлдан дагуулж байсан, монголчууд ч энэ давалгаанаас хоцроогүй. Кино 1998 онд UBS телевизээр гарсан билээ. Мацу Такако 2004 онд “Оны шилдэг менежменттэй жүжигчин” шагнал хүртсэн. Мөн Хочигийн 29 дүгээр кино наадмаас “Нууцлагдмал илд” киногоороо “Шилдэг жүжигчин”-ээр шалгарч байжээ. Тэрбээр 11 удаа шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна.
Түүний аав IX Мацумото Коширо нь Японы үндэсний Кабуки театрийн жүжигчин, “Буёо ордон”-ны тэргүүн байжээ. Тиймээс ч Мацу “Буёо ордон” хэмээх Японы үндэсний театр урлагийн өргөөнд бага насаа өнгөрүүлсэн байна. Ээж Норико Мацумото нь охиныхоо овгийг өгөхдөө гэр бүлийн хүндэтгэлийн нэр “Мацу”-г сонгожээ.
Бага наснаасаа дуу бүжиг, жүжиг үзэж өссөн Мацу Такако 16 наснаасаа Кабуки театрын жүжигт тоглох болов. Дараа жил нь телевизийн “Цэцэгсийн дайн” киноны гол дүрд тогложээ. Түүний бүтээсэн дүр амжилт олж, залуу жүжигчин тэр даруйдаа олны танил болсон байна. Ингээд 19 настайдаа бусад цуврал кинонуудаас хамгийн алдартай “Дурлах нас” кинонд Такуяа Кимуратай хамтран тоглосон байна. Алдарт дуучин маань голдуу зөөлөн хэмнэлтэй дуунууд дуулдаг. Тэрбээр дуучин болсныхоо арван жилийн ойгоороо гурав дахь аялан тоглолтоо 2007 онд хийж байсан.
“Дурлах нас” кинонд хамтран тоглодог Такако болон Кимура хоёр алтан партнёр гэддэг. Олон кинонд хамтран тоглосон, амьдрал дээрээ ч их сайн найзууд. Хайр сэтгэлийн холбоо байгаагүй, хачирхалтай нь хоёулаа өөрөөсөө ахмад хүнтэй суусан бөгөөд хоёулаа өөрсдийнхөө хайртай хүнтэй суусан гэнэ.
Hэр хүндтэй жүжигчин Мацу Такако одоо сериалд тоглохоо больж, Японы хамгийн нэр хүндтэй найруулагчидтай хамтарч ажилладаг. Тэрээр 1961 онд төрсөн хөгжмийн зохиолч, Ёошиюуки Сахашитай гэрлэжээ. Тэд нэг хүүхэдтэй.