Д.Цэрэндорж: Менежмент бол хувь хүн өөрөөсөө эхлэх асуудал

Өчигдөр Удирдлагын Академийн профессор, Монгол улсын гавьяат багш, Монголын Менежментийн холбооны тэргүүн Д.Цэрэндорж “Менежментийн сэтгэлгээний хөгжил, Монгол өв соёл (хандлага, сорилт)” нэртэй нээлттэй лекцийг академидаа тавьсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Та Удирдлагын Академид ажиллаж байгаа түүхээсээ хуваалцана уу?

-Би Удирдлагын Академид 30-аад жилийн хугацаанд багш, тэнхимийн эрхлэгч зэрэг өөр өөр чиглэлээр ажилласан. Одоо профессороор ажилладаг. Миний үндсэн чиглэл бол менежментийн асуудал байгаа.

-Өнөөдөр та академидаа “Менежментийн сэтгэлгээний хөгжил, Монгол өв соёл (хандлага, сорилт)” сэдэвтэй нээлттэй лекц тавих гэж байна. Лекцийнхээ агуулгын талаар ярина уу?

-Бид өнөөдөр 21-р зуунд амьдарч байна. Хүн төрөлхтний хөгжил үндсээрээ өөрчлөгдөж, хувирч байгаа ийм зуун байна. Өмнөх зуунууд бүгд л шинэ байсан. Гэхдээ энэ зуун бол үнэхээр өөр зуун болоод байна л даа. Саяхан дэлхийн хамгийн баян орон Арабын Нэгдсэн Эмират Улс анхны хиймэл хүн Софиаг үндэснийхээ иргэнээр бүртгэж авлаа. Түүнийг бид робот гэж нэрлэж байгаа. Нөгөө талаар энэ нь оюун ухаантай хүн. Тэр тантай шууд харилцана. Зарим асуудал дээр таниас илүү мэдлэгтэй байж магадгүй.

-Софиаг хүмүүс бүтээснээс бид юуг ойлгож болох вэ?

-Өнөөдөр хүн төрөлхтөн зүгээр нэг махбодиороо, оюун ухаанаараа, натурал байдлаараа оршдог байхад бас хиймэл оюун ухаантай хүмүүс гарч ирээд байгааг харж болно. Дэлхий ертөнц “Мэдээллийн үүл” гэдэг хүчний дор амьдарч байна. Цаашлаад таны хийж байгаа юм, гар утсаараа харилцаж байгаа явц, гэртээ телевиз үзээд сууж байгаа болгон тэр “Мэдээллийн үүл”-нд бүртгэгдэх боломжтой. Тэндээс биднийг хянаж, бидэнд дохио, мэдээлэл өгөх боломжтой болчихсон.

-Ийм дэлхий ертөнцөд Монголчууд хаана явна вэ?

-Менежментийн асуудал манай Монголд шинэ нөхцөл байдалд явагдаж байна. Бид удирдан зохион байгуулна, хянана, шалгана гэж ярьдаг. Гэхдээ энэ бол нэг л асуудал. Дэлхий ертөнц өөр болчихоод байна. Тэгэхээр бид нар Монголоороо үлдэх үү, эсвэл дэлхийн энэ “цунами”-д татагдаж ороод өөр хүмүүс болох уу гэдэг асуудал байна. Гол нь бид өв соёл, зан заншил, уламжлалаа мэддэг байх ёстой. Үүнийг ахмад, дунд болон өсвөр үеийнхэн бүгд анхаарах цаг болжээ. Энд менежментийн бүх асуудал бий. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэсэн ардын зүйр үгээр жишээ авч болно. Энэ үгийг ойлгож ухаараад хэрэгжүүлж байгаа хүн хэд байна?

-Таны ярианаас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ өв соёлоо хадгалж үлдэх хэрэгтэй гэсэн санааг ойлголоо

-Тэгж ойлгож болно. Гэхдээ бид нар дэндүү их гадагшаа харж амьдарч байна. Өөрсдийгөө харахгүй байна. Дотоод руугаа өнгийхгүй байна. Тийм учраас өөрсдийгөө эхлээд мэдэх хэрэгтэй. Өөрийгөө таних хэрэгтэй. Дэлхийгээс бас суралцана. Харин Монголоороо үлд гэдгийг л хэлэх гэсийм.

-Та ямар чиглэлийг голлож судалгаагаа хийсэн бэ? Судалгааны үр дүнгээс юу харагдаж байгаа вэ?

-Менежментэд бизнесийн удирдлага, төрийн захиргаа гэсэн үндсэн хоёр чиглэл байгаа. Энэ хоёр чиглэлээр олон судалгаа хийсэн. Эндээс Монголчууд хөрөнгө мөнгө, санхүү, гадаад харилцааг их анхаардаг юм байна. Харин өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэг оюунаа зөв, бодитойгоор үнэлж дүгнэх, өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх тал дээр хангалтгүй байдаг юм байна гэдгийг олж харсан. Энэ асуудлын талаар лекцэндээ илүү их анхаарч ярина.

Ярилцсанд баярлалаа.

 


Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …