Аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүдэн шүүхийн эсрэг агуулгатай конвенцид нэгдэхтэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр гишүүн Д.Ганбат байцаалт авах зорилгоор оруулж ирсэн сандалнуудын асуудал юу болж байгаа тухай Хууль зүйн сайдаас тодруулсан юм.
Х.Тэмүүжин сайд энэ асуултанд “Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүүдэн шүүхтэй холбоотой сандлын тухай гомдлыг Хууль зүйн яаманд ирүүлсэн. Хууль зүйн яамнаас шалгалт явуулсан. Энэ сандлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор Хууль зүйн яаманд хэлж, мэдэгдэлгүйгээр тараасан тухай асуудал хөндөгдсөн. Яамны бодлого болон хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндэд санаатай ч гэмээр таагүй ажлыг зохион байгуулсан учраас холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон. Энэхүү сандлыг мөрдөн байцаалт явуулах ажилтны аюулгүй ажиллагааг хангах зориулалтаар ашиглах гэж авчирч. Гэхдээ мөрдөн байцаалтын аюулгүй ажиллагааг өөр аргуудаар хамгаалах боломжууд нь бий. Мөн энэхүү сандал нь онц аюултай гэмт хэрэгтэнд зориулсан юм бол сум бүрт тараах шаардлага байгаагүй.
Яг одоо сандлыг яах вэ гэдэгт шийдэл хайж байгаа. 460 сандлыг нийлүүлсэн компанитай гэрээ хэлцэл хийж байгаа. Сандлыг нь буцааж өгөөд, оронд нь хэв журам сахиулах болон цагдаагийн албан хаагчдын хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой өөр тоног төхөөрөмж авах бололцоо юу байна гэдгийг ярилцаж байгаа. Мөн энэ сандлын асуудлаас гадна цаашид энэ мэт алдаа дутагдал гаргахгүй байхын тулд холбогдох дүрэм журмыг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, иргэний эрх чөлөөтэй холбоотой, хязгаарлахтай холбоотой тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллагын дотор хэрэглэх шийд гаргах гэж байгаа бол зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч гаргадаг журамд шилжиж байна. Яамны болоод ардчиллын хяналтгүйгээр хэн нэгэн томилогдсон албан тушаалтны дур мэдсэн шийд гарах боломжгүй болно гэсэн үг. Хуучин ЦЕГ-ын удирдлага төсөвтөө энэ талаар тоног төхөөрөмжийн зардал гэж тусгасан. Яамны хувьд энэ сандлыг тараах үед нь мэдээлэл авч мэдсэн. Ер нь албандаа хүний эрхийг зөрчих үйлдлээ өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа гэж ойлгох хандлага байсаар л байна. Хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөхөд хариуд нь шүүхдээд явж байна” гэв.
Тодруулбал, эрүүдэх сандалтай холбогдуулан цагдаагийн тэргүүн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд “Энэ сандлуудыг татаж ав, яагаад мэдэгдээгүй тухай мэдээллээ өг” гэх албан шаардлагыг Хууль зүйн яамнаас тавихад нь Цагдаагийн газраас Прокурорын газарт хандан “Сандлыг хэрэглэх зөвшөөрөл” хүссэн хүсэлтийг явуулж байсан аж.
эх сурвалж: ньюс.мн Б.Манд