Өнгөрсөн сард ОХУ-д нээлтээ хийсэн “Бат хааны хилэгнэл” буюу Furious нэртэй кино нээлтээ хийсэн цагаас олон үзэгчдийн дургүйцлийг хүргэлээ. Тухайлбал Монголчуудын их хааны үр сад Бат хааны дүрд Солонгос төрхтэй Александр Цой тоглосон юм. Тэрбээр уг кинонд Монголчуудаас тэс өөр дүрийг бүтээж агуу их сүр хүчийг үзүүлэх бус эсрэгээр сул дорой, Оросын баатар эрсэд хиар цохиулж буй хааны дүрийг бүтээжээ. Киноны үйл явдлын тухайд түүхэнд алдар цуутай Оросын Евпатий Коловрат баатар арав гаруй цэргүүдтэйгээ мянга мянган Монголчуудтай эцсийн амьсгаагаа шавхан тулалдах бөгөөд эцэст нь Бат хааны өмнө “Чи миний өмнө сөхөрнө гэж би чамд хэлсэн биз. Манай баатар эрс өнөөдөр ялагдаж байгаа ч хэзээ нэгэн өдөр та нарыг ялна” гээд амьсгал хураадаг.
Киноны үйл явдлын тухайд график дизайныг хэт их ашиглаж, Монголчуудын хэл яриаг өнөө үеийн хар ярианы хэлбэртэй харилцан яриагаар дүүргэжээ. Тухайлбал Бат хаан хилэгнэхдээ яв, зайлцгаа гэх мэтээр цэргүүдээ хараадаг.
Киног үзсэн хэн бүхэн эхнээсээ дуустал түүхийг гуйвуулсан гэсэн дүгнэлт өгөх буй заа. Мөн Бат хааны агуу их сүр хүчийг харуулах бус, дэлхий дахинд Монголчуудыг мухар сүсэгтээ төөрөлдсөн, дээрэмгий, харгис төрхтэй цэрэг эрсээр төлөөлүүлэн дүрсэлсэн байв.
Найруулагчаар Жаник Файзиев хэмээх узбек эр Александр Бондарев гэх орос продюсертой хамтран зохиолыг нь бичжээ. Үнэн хэрэгтээ Бат хаан Орос дах байлдан дагууллаа Рязань хотоос эхлүүлэхэд ширүүхэн тэмцэл өрнөсөн талаар түүхийн хуудаснаа бий. Оросуудын үлгэр домогт бичсэнээр тухайн үед Евпатий Коловрат баатар цөөн цэргүүдтэйгээ хүчтэй тэмцсэн байж мэдэх юм. Киноны хувьд Оросуудын өөрсдийн үзэл баримтлалаас бичсэн зохиол гэмээр. Итгэхэд бэрх ч уг киног 360 сая рубль буюу өнөөдрийн үнэ ханшаар найман тэрбум төгрөгөөр бүтээжээ. Товчхон хэлэхэд Оросууд өөрсдийн баатар эрсийн түүхийг дэлхийд таниулах бус арай л хэтрүүлчихсэн бүтээл гэж дүгнэмээр. Хамгийн төгсөлд нь кино бол урлагийн хамгийн том хэлбэр. Хэчнээн үнэ өртгөөр бүтээх нь чухал бус. Түүхээ мэдэхгүй хүмүүс киноны үйл явдлыг болсон мэтээр хүлээн авч улам төөрөлдөхвий гэсэн айдас төрнөм.