УИХ:Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна. Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмж хамруулан, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна. Иймээс төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байгааг Ерөнхийлөгчийн хоригт дурдсан байна.

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан. Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой. Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байна гэж Ерөнхийлөгч үзэж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулав.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Д.Тогтохсүрэн нар танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар хариулт өгөв. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, сүүлийн дөрөв таван жилд манай улс төсвөөс гадуур олон данстай, тэдгээрээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байснаас дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал ойрын жилүүдэд 12.9-17.8 хувьтай байхаар байсан. Харин төсөвт тусгагдаагүй явж ирсэн эдгээр олон данс, төсөл, хөтөлбөрийг нэгтгэж Монгол Улс нэг төсөвтэй болсноор төсвийн алдагдлыг өнгөрсөн оныхоос 1.5 хувиар буюу 400 гаруй тэрбум төгрөгөөр буулгаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувь байхаар тооцож баталсан. Төсвийн орлого, зарлагын зөрүү 2.4 их наядын алдагдлыг бууруулах нь амар асуудал биш. Иймээс Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргадаг, арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг явдлыг цаашид зогсоож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлов. Түүнчлэн хоригт Улсын Их Хурал улсын нэгдсэн төсвийг баталдаг юм шиг буруу ойлголттой, агуулгын алдаатай, зөрүүтэй тоо баримт авч оруулсан зэрэг алдаа мадагтай зүйл дурдагдсан байна гэдгийг нэмж дурдлаа.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Н.Учрал, Я.Содбаатар, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 42 нь буюу 82.4 нь дэмжиж, энэ талаарх тогтоолыг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …