Монцемент төсөл хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 60 гаруй хувийг урьдчилан төлөөд байна


Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээлэл дунд Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийг хамруулан үндэслэлгүй мэдээлж байгаад хариуцлагатайгаар няцаалт өгч байна.
Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийн зээлийн эргэн төлөлт нь тухайн үед Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан хөгжлийн зээлүүд дотор сайн жишээ болохуйц хөтөлбөр гэдгийг олон талын эх сурвалж Нүүдэл Шийдэл нэвтрүүлгээр олон нийтэд мэдээлж байсныг онцолъё.
“Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат: – “Манай компани “Монполимет” групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонны хүчин чадалтай цементийн цогц үйлдвэр барих төслийг 2006 оноос хойш 10 гаруй жилийн тууштай судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлж, 2014 оны сүүлээр санхүүжилтээ амжилттай босгоод, 2015 онд үйлдвэрээ ашиглалтад өгч, зах зээлд нэвтрүүлээд, төсөл маань амжилттай хэрэгжиж байна.
Нийт санхүүжилтийн 25 орчим хувийг бондын эх үүсвэрээс буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан. Нийт 65 сая ам.доллар авснаас өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 33,3 сая ам.долларыг үндсэн төлбөрт 12,6 сая ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байна. Нийтдээ 45,9 сая ам.доллар буюу 60 гаруй хувийн төлөлт хийсэн байна. Бусад төслүүдтэй харьцуулахад харьцангуй амжилттай, эдийн засгийн хүнд хэцүү, хямралтай цаг үед эрсдэлээ дааж яваа бүтээлч төсөл юм.

-МОНЦЕМЕНТ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛӨЛТҮҮДЭЭ ХИЙЖ БАЙНА-
Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: – “Монцемент” төсөл 65 сая ам.долларын зээл аваад, өнөөдрийн байдлаар хугацаанаас нь өмнө төлөлтүүдээ хийгээд явж байна.
“Монцемент” төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу Чингис бондын хөрөнгөөс зарцуулсан цөөхөн төслүүдийн нэг юм. Тухайн үед ҮАБЗ-өөс нэг доллар цаанаа дахин 2-3 доллар авчрах тийм төслүүдийг санхүүжүүлэх тухай чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл төслийн 20-30 хувьд л бондын мөнгийг оруулах, үлдсэнийг нь төсөл санаачлагч, мөн гадаадын банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх гэсэн чиглэл өгсөн. Яг энэ чиглэлийн дагуу төслөө амжилттай хэрэгжүүлсэн компани бол “Монполимет”-ийн Монцемент төсөл байна.
Үндэсний үйлдвэрлэгч “Монполимет” ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамтарсан хөрөнгө оруулалттай “Монцемент Билдинг Материалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хэрэглэгчдэд европ стандарт хангасан шинэлэг бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлсээр байна. Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ зориулж,хүндрэл бэрхшээлийн ард хөлс дуслуулан гарч явахад хэвлэл мэдээллээр элдэв гүтгэлэг тарааж байгаа нь компанийн нэр хүндийг гутаахаас илүүтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын итгэл найдварыг сэвтүүлэх муу талтай.
Харин 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж 5 мвт эрчим хүч гаргадаг, усыг цэвэршүүлэн хөргөлтийн системд ашигладаг зэрэг шинэ эко технологиудыг нэвтрүүлсэн “Монцемент” төсөл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко үйлдвэрийг бий болгоод байгаа нь Монголчууд та бидний бахархалт үйл явдал юм.

С.Баяр

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …