УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж буй талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Б.Хурцын бүлэглэлийн нэрийг он гаргаад зарлана гэдгээ мэдэгдэв. Энэ тухайгаа Ж.Батзандан “Б.Хурц гэх этгээдийг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж прокурорт ажилладаг таван хүн байна. Түүний төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч байна. Хурцын гар хөл болж ажилладаг татварын байцаагч, аудитын хүмүүс нар байна. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүлэглэлд орж Монголын ард түмнийг дарамталдаг, төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигладаг хүмүүсийн нэрийг тун удахгүй зарлана. Харин Б.Хурцын талаарх нээлттэй сонсголоор хэлмэгдсэн 15 иргэний гомдлыг сонсчээ. Уг сонсголоос гарсан санал дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Санал дүгнэлтэд Б.Хурц нь Франц, Бельги, Герман улсын хил дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон байна. Энэ хэргийг Европын холбооны хууль хяналтын байгууллага шалгаж байна. Хууль зөрчиж, хүний амь насанд хүрсэн Б.Хурц Д.Энхбат агсны гэр бүлээс албан ёсоор уучлал гуйх ёстой. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Элчин сайдаар томилж болохгүй.
Монгол Улсын төр энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Франц, Бельги, Герман улсуудтай албан ёсоор холбогдож, энэ хэргийн явцыг судлан УИХ-д танилцуулах шаардлагатай байна. Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жил хоригдох ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн нээлттэй сонсголд ирж, тайлбар өгсөн. Ц.Амгаланбаатар гэдэг хүн тагнуулынхны өгсөн чиглэлийн дагуу бусдыг хилсээр гүтгэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй байна. Иймд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан шалгаж дуусах хүртэл Б.Хурцыг БНСУ дахь Элчин сайдаар томилох нь зохисгүй гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Монгол ялна гэж сонгуульд орж ялсан. Монгол ялна гэдэг бол Монголын ард түмэн, шударга ёс ялна гэсэн үг. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн 8 жилийн дотор олон зуун хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын том ордуудыг энэ булэглэл булааж авсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.Хурц гэдэг энэ гэмт этгээдийн томилгоог зогсооно гэдэгт итгэж байна. М.Энхболдын бүлэглэлд Ерөнхийлөгч цохилт өгнө гэдэгт итгэж байна. Мафийн бүлэглэлийг Монгол төрөөс зайлуулах тэмцлийг маань Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэж байна” гэв.