Аригбөхийн эмгэнэлт төгсгөлийн нууц хэзээ тайлагдах вэ?

Монголын Их гүрний сүүлчийн хаан болох боломжтой байсан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
“Судрын чуулган”-д Аригбөх жил орчим хугацаанд өвчилсөөр Барс жилийн /1266 он/ намар нас барсан гэжээ. Юан улсын сударт Аригбөхийг нас элтлээ хаан хүний хангамжинд байгаад өвчнөөр өнгөрчээ гэжээ. Гэтэл зарим түүхчид Аригбөхийг өвчнөөр нас бараагүй, Хубилай түүнийг хорлосон ч гэж үздэг.

Аригбөх амьд байх нь Хубилайд аюултай хийгээд түүний хууль бус үйлдлийг өдөр бүр сануулсаар байсан нь ойлгомжтой тул тэмцэж олсон хаан ширээнийхээ өмнөөс дүүгээ золиос болгох хэрэгтэй ч байсан байж болох юм. Ийнхүү Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш янагш яг нэгэн их мөчлөг буюу жарны төгсгөл дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн Их хуралдайгаар албан ёсоор сонгогдсон Их хаан Аригбөх Монгол үндэстний түүхэнд эмгэнэлтэй зурвасхан мөр үлдээгээд 46 орчим насандаа бие баржээ гэж үзэж болох юм.

Мөн сурвалж бичгүүдэд Аригбөхийг нас барахад шарилыг нь Чингис хаан болон эцэг Тулуй, ах Мөнх нарыг нутаглуулсан тэр газарт тавьсан гэжээ. Одоог хүртэл түүх судлаачид, эрдэмтэд Аригбөхийн төгсгөлийн үнэн түүхийг баттай болгоогүй л байна.

 

Монголын түүх

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …