2017 оны ОНЦЛОХ үйл явдлууд

2017 оны сүүлийн өдрүүдийн  мэнд хүргэе. Таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн гэж найдаж байна. Тэгвэл 2017 оноо Монгол Улс ямар амжилтаар үдэж байна вэ. Улс төрийн хүрээнд өрнөл, адал явдал ихтэй жил байлаа. Алдаа, оноо бүгд давхцаж, гуниг харуусал, уур бухимдал ч байсан биз. Спорт, соёл урлагийн салбарт амжилтаар арвин байв.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга  сонгогдов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо удаагийн хоёр дахь санал хураалтын урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга  нийт сонгогчдын 611,226 саналыг авч 21 аймгийн 9 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 7 дүүрэгт ялалт байгуулж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Ерөнхийлөгч Х. Баттулгын  үүрэгт ажлаа авснаас хойш хийсэн ажлууд

-Ерөнхийлөгч Х.Баттулга анхны зарлигаараа З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын  даргаар томилов

– Ерөнхийлөгч анхны  ажлаа төрийн ордноос бус түймрийн голомтоос эхлүүлэв

– Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирүүлэх талаар АНУ-аас тусламж хүсэв

– АТГ-ын удирдлагуудад “60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхааруулав

-Улс төрчдийг 49 хоногийн дотор оффшор дансан дахь хөрөнгөө Монголд оруулж ирэхийг уриалав

– Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгад оролцохгүйгээр  улсын төсвөөс 60 сая төгрөг  хэмнэв

– Хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нартай уулзаж Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авахаар амлав

– Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол  олгов

– Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг   Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томилов

– Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилов

-Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томилов

– Аж үйлдвэрийн сайд асан Паавангийн Дамдинд Хөдөлмөрийн баатар цол олгов

-“Алдар” спорт хорооны ахмад багш, дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүүг  Монгол Улсын Ардын багш цолоор шагнав

-Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов

– Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт  “Чингис хаан” одон хүртээв.

-Ерөнхийлөгч 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хориг тавилаа

– Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх тухай саналаа ХЗДХ-ийн сайдад хүргүүллээ

– Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд хориг тавив

Отгонтэнгэр ууланд 17 уулчин амь эрсдэв

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд өнгөрсөн аравдугаар сарын 22-нд 27 уулчин авираад буух замдаа 17 нь осолдож, амиа алдсан юм.  Ослын шалтгааныг мэргэжлийн хүмүүс хавтангийн гулсалт гэж тодорхойлсон юм. Сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагаа гурван өдрийн турш үргэлжлүүлсний эцэcт Отгонтэнгэр хайрхны зүүн урд талд 3200 метрийн өндөр дэх эгц хадан хясааны орчмоос 17  уулчдын бүгдийг нь олсон Харин амьд үлдсэн 10 уулчин  аппаратаа далд хийх гэж 30 секунд саатсанаар амьд үлдсэн. Тус үйл явдал нь улирч буй онд болсон хамгийн эмгэнэлтэй үйл явдал болсон юм.

Дэлхийн тайзнаа “Монгол Сонгодог”-ийг хүлээн зөвшөөрүүлж чадсан

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны романсын төрлийн Тэргүүн байрын шагналт, ари-гийн төрлийн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан  дуучин “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар юм. Тэрээр Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж чадсан билээ.

2017 оны Онцлох хүн

Өнгөрсөн наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгуулж Дэлхийн аварга болов.

Үүний дараа удалгүй амжилтаа баталж Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд  Риогийн олимпиад алтан медалийн төлөөх барилдаанд  учраа таарч ялагдсан  Бразилын жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгэж  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаалгасан.

 У.Хүрэлсүхийн жил

Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 29 дахь Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын Засгийн газар 57.5 хувийн саналаар огцров. Удалгүй сар хагасын дараа Монгол Улсын 30 дахь ерөнхий сайд У. Хүрэлсүхийг нэр дэвшүүлж аравдугаар сард хуралдсан УИХ-ын намрын ээлжит чуулганд оролцсон нийт 47 гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У. Хүрэлсүх сонгогдов.

 

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурлаараа намын шинэ даргаа сонгов. Монгол Ардын Намын даргад УИХ дахь МАНын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Монголын улс төрийн ууган хүчин МАНын 15 дахь даргаар сонгогдсон юм.

Оннц Дүмд

Rokit Bay буюу реппер О. Баярсайхны зохиолыг нь бичиж найруулсан “Оннц Дүмд” хүүхэлдэйн цуврал кино залуусыг байлдан дагууллаа. Өнөө үеийн нийгмийн алдаа оноо, шүүмжлэлтэй талуудыг хөгжилтэй хэлбэрээр бодитой шүүмжлэн харуулсан насанд хүрэгчдэд зориулсан киноны дүрслэл болон гол дүрүүдийн хэлсэн бүдүүлэг үг хэллэг агуулсан үгнүүд трэнд болж байна.

2018 онд Монголчууд их сорилттой тулгарна.  Учир нь Чингис бондын өр зээл төлөгдөж эхэлнэ. Их хямралын дараагийн жил түүнээс ч илүү хямралтай тулгардаг гэх үг бий. Энэ бүгдийг талцаж муудалцалгүйгээр нэг хүсэл зорилготойгоор эвлэлдэн нийлж даван туулах ёстой байх. Эвлэлдэн нийллээ гэх дээгүүрээ хамтдаа идэж уугаад өг гэж хэлээгүйг ойлгох биз. Одоо улс орноо бодох цаг болсон.

 

Г.Нараа

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …