Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 9 дүгээр сарын 21-ны бямба гаригт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээг авна
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2013 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр 3,450.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 3.6 хувиар буюу 128.5 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар буюу 349.6 тэрбум төгрөгөөр илүү байна. Нэгдсэн төсвийн гол орлогыг бүрдүүлдэг улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого төлөвлөснөөс 6.2 хувиар бага буюу 158.1 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Импорт болон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ, биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс буурсан нь төсвийн орлогын тасалдалд хүргэсэн үндсэн хоёр шалтгаан болж байна.
Иймээс 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд урсгал зардлын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнд:
· Төсвийн захирагч нарыг 2013 оны 9 дүгээр сараас он дуусталх хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, өмнөх саруудад ашиглагдаагүй зардлыг хэмнэх,
· Төсвийн санхүүжилтийг бууруулснаар өр, авлага үүсгэхгүй, төсвийн сахилга батыг хатуу сахих, зардал хэмнэх боломжийг дайчлах,
· Зардлыг санхүүжүүлэхдээ төсвийн орлогын эх үүсвэртэй уялдуулан үе шаттай санхүүжүүлэх, шаардлагатай тохиолдолд бууруулах, хойшлуулах зэрэг төсвийн шуурхай зохицуулалтыг хийж ажиллах,
· Төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хууль, тогтоомжийн дагуу тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоох,
· Хөрөнгө оруулалтын ажлыг 2013 онд багтаан гүйцэтгэх боломж, ажлын стандарт, чанарт тавигдах шаардлага зэргийг харгалзан 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй байгаа шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эхлэх хугацааг хойшлуулах,
· Техникийн нөхцөл бүрдээгүй, дэд бүтцийн болон газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй мөн ажлын явц удааширч төсөвлөгдсө хөрөнгөө бүрэн ашиглах боломжгүй болсон баригдаж буй барилга, байгууламжийн ажлыг түр зогсоох.
Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, нөөц бололцоог дайчлан ажиллахыг Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт болон хуулиар үүрэг хүлээсэн бүх төсвийн захирагч нарт даалгалаа.
Мянганы сорилтын сан 5 жилийн хугацаанд 6 төсөл хэрэгжүүлжээ
Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа 2013 оны 9 дүгээр сарын 17-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын санг татан буулгалаа.
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-г хэрэгжүүлэхээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, гишүүдэд Засгийн газрын 6 гишүүн орж ажиллажээ.
“Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу нийт 284,911,363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270,660,000 ам.долларыг Монгол Улсад бодитоор оруулаад байна.
Мянганы сорилтын сан нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 5 жилийн хугацаанд хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн, эрүүл мэндийн, цэвэр агаар, авто замын, мэргэжлийн боловсрол, сургалтын гээд нийт зургаан төслийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
ТОВЧХОН:
· Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протокол”-д нэгдэн орох, цаашид уг протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох талаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
· Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон Улсад хийсэн албан ёсны айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав.
· Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын 2011-2012 оны хэрэгжилтийн талаарх Үндэсний тав дахь илтгэлийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-д танилцуулахаар тогтлоо.
· “Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол”-д гарын үсэг зурах нь зүйтэй гэж үзэж, энэ ауудлыг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.