Х.Баттулга: 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар  УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээсэн юм. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдол, утааны асуудал иргэдээс маш их гомдол, санал дагуулж, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буйг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тиймээс УИХ-д хандан “Онц байдал” зарлах санал хүргүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдэд  хандан хэлэхдээ “Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Үүнийг жил бүр ярьдаг. Би ЗТБХБ-ын сайд байхдаа буюу 2010 онд утааг цогцоор нь шийдэх боломж байна гэж санал, шийдэл  гаргаж байсан. Нийт баялгаа судалж, тооцоолж, түүний хоёр хувиар мөнгө босгож, хөдөөгөө хөгжүүлж, хөдөөнөөс ирэх урсгалыг зогсооё. Ингэхийн тулд хөдөө хүн амьдарч болох ахуй, орчинтой байх ёстой. Малын гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой. Хотоо нүүлгэн  шилжүүлж, дагуул хотуудыг  бий болгоё гээд “Хоёр хувь” гэсэн танилцуулга хийж байсан.

Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн.

Би Ерөнхийлөгч болсныхоо дараахан 2017 оны 10 дугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулган” хийсэн. Удахгүй утаатай залгах тул утааны асуудлыг авч хэлэлцээч, ямар арга, шийдлүүд байна вэ гэсэн сэдвээр тэр чуулганыг хийсэн.  Харамсалтай нь ажил болгоогүй.

Одоогоос нэг жилийн өмнө, 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаан болж, утаатай холбоотой ажлын төлөвлөгөө гаргаж нийслэлийн Засаг дарга, яамдад чиглэл өгсөн. Жилийн дараа харахад энэ ажлаас 6300 орчим айлыг тогтой холбосон гэсэн л мэдээлэл байна. Энэ дотор мөнгө идэх аргууд дахиад орж ирсэн. Тавантолгойгоос Сайншанд руу 500 км авто зам барина. Энэ замаар Тавантолгойд байгаа коксжсон нүүрсийг татаж иргэдэд тараана гэсэн байна. Коксжсон нүүрсийг иргэдийн зуух дийлэхгүй.  Үүнд 600 тэрбум төгрөг төлөвлөсөн байх жишээтэй.

Үндсэн хуулийн 25.2-т УИХ-д “Онц байдал” зарлах онцгой эрх байдаг. Ингээд өнөөдөр агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг явууллаа. УИХ үүнийг өнөө маргаашгүй хэлэлцээд “Онц байдал” зарлах зарлахгүйгээ шийдэх байх.

Асуудал гарах тусам мөнгө гардаг. Мөнгө нь бизнес болдог. Эрх мэдэлтэй хүмүүс, бизнесийнхэн нийлээд зовлон дээр тоглодог байдал дахиад давтагдаад байна. Иймд Улсын Их Хурлын бүрэн эрхийнхээ хүрээнд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэж яаралтай шийдвэрлэхийг хүсье гэсэн санал өнөөдөр хүргүүллээ.

Сая амралтын өдрүүдээр эцэг эхчүүдээс эмнэлгийн орны хүрэлцээ муу байна гэж маш их гомдол, санал ирсэн. Ингээд 5-6 эмнэлгээр явж үзлээ. Байдал хүнд байна. Эндээс гарах шийдэл нь Цэргийн госпиталь, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ачаалал харьцангуй бага тул эдгээр эмнэлэгт дөрөвдүгээр сар буюу томуу, томуу төст өвчний онц нөхцөл, хүндрэл бууртал хүүхдүүдийг эмчилж маневр хийгээч гэсэн. Ер нь жил бүр 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээс эхлэн 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эх хүртэл  “Ханиадны комисс” гаргаж асуудлуудаа маневрлаж шийдэж байгаасай гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар үүнийг авч хэлэлцээд ЭМЯ, БХЯ, ХЗДХЯ асудлыг хүлээж аваад шийдвэр гаргаж байх шиг байна.

Хэрэв хууль санаачлагчид хууль тогтоохоор бол сарын өмнө мэдээллээ гадагш тавьж, түүгээр санал авч хэлэлцүүлдэг болъё гэсэн  хууль батлагдсан байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс Хүүхдийн мөнгөний хууль, төсөв батлагдсан. Үүгээр нийт хүүхдийн 60 хувьд мөнгө олгоё гэсэн. Үүнийг эргэж харж, 100 хувь өгөх  хэрэгтэй гэж үзсэн. Энэ боломжийг судалсан саналыг www.President.mn сайт дээр тавьсан. Мөнгөний боломж бол байгаа. 100 тэрбум төгрөг байх юм бол хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүй.

Бүгдээрээ утааны асуудалд онцгой анхаарал хандуулъя. Жил бүр үүнийг ярьдаг. 2010 онд санаачилсан  зүйл байгаа ч харамсалтай нь үүнийг бизнес болгосон” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

TV5 телевизийн сэтгүүлч Б.Отгон: –Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг онцолж байгаа. Анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болсон. Та энэ талаар бодол, дүгнэлтээ хуваалцана уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: –Өнөөдөр энэ бол онцгой анхаарах сэдэв биш. Оны онцгой үйл явдлын нэг бол мөн. Гэхдээ өнөөдөр утааны асуудалд анхаарал хандуулаач ээ. УИХ-ын хаалттай чуулган хийж 3 сая монголчуудын ирээдүй бүрхэг байгаа талаар хэлж байхад гишүүд гурван Элчин сайдын талаар л асуугаад байсан. Хэвлэл, мэдээллийнхэн та бүхэн онцгой анхаарал татаад байгаа утааны сэдэвт анхаараач, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг шахаж ажиллаач ээ.

Eagle TV  сэтгүүлч Н.Баасандамба: -Манай редакц утааг байнгын сэдэв болгоод явж байгаа. Элчин сайдтай холбоотой тодруулах зүйл байна. Б.Хурцын томилгоон дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: –Солонгосын хойгийн байдлын талаар өнөөдөр дэлхий даяараа ярьж байгаа. БНСУ-д Монголын 40 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг. Дипломат ёсыг бодсон ч, иргэдээ бодсон ч тэнд цэргийн цолтой, тушаал биелүүлдэг хүн тавих юм болов уу гэсэн бодлоор Б.Хурцыг зөвшилцсөн. Ерөнхий сайдад саналаа хэлсэн. УИХ-д оруулж байх үед асуудлууд гарсан. Энэ бол олон нийтэд тодорхой байгаа. УИХ-ын бүрэн эрхтэй гишүүд асуудлууд сөхөж тавьсан. Иймээс энэ асуудлыг эргэж харах нөхцөлтэйгээр хойшлуулж, түдгэлзүүлсэн.

SBN телевизийн сэтгүүлч Д.Мягмартогтох: –Утаанд онц байдал зарлаад яг ямар шийдэлд хүрэх вэ? Утаа монгол хүний удмын санд нөлөөлж, уушги цоорхой хүүхдүүд төрж байна. 140 ортой хүүхдийн эмнэлэгт 240 хүүхэд хэвтэж байна. Бээжин хот утаанаас салсан байна. Та яг ямар санал дэвшүүлж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: –Санал маш тодорхой. Намайг ЗТБХБ-ын сайд байхад надад ҮАБЗ-өөс үүрэг өгсөн. Утааг яах вэ, Улаанбаатар хотын төлөвлөлтийг яах вэ гэсэн. Дагуул хот байгуулах ёстой. Бусад улс орнууд ингэж шийдсэн байдаг. Куала Лампур байна. Нийслэл түгжирсэн, утаатай болсон. Тэгээд 40 км-ийн цаана засаг захиргааны шинэ хот байгуулсан. Казахстан байна. Сөүл, Турк зэрэгт бас ийм арга хэмжээ авсан.

Засаг захиргааны нэгж, тодорхой хэлбэл, ЭСЯ, зарим яамд, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад ирэх хавраас ажилдаа оръё.

Гэр хорооллын иргэдийг МСҮТ-тэй хамтарч насны ангиллаар нь орон сууц барих хөдөлгөөнд оруулъя. Орон сууцны зээлд хамруулъя. Нэн яаралтай 2018 онд баригдаж дуусах, 60 хувьтай байгаа 80 орчим мянган айлын орон сууц байна. Үүнээс 3680 нь дулаанаа авч, ашиглалтад орсон. Хөдөө бас 3600 орчим орон сууц байна. Бэлэн болсон орон сууцанд гэр хороололд амьдардаг төрийн үйлчилгээний ажилтан буюу тогтмол орлоготой эмч, багш, онцгойгийнхон, цагдаагийнханд цалингаар нь барьцаалаад оруулбал 10, 20, 30 мянгаар яндан багасна. Ийм шийдлүүд байгаа юм. Үүнийг сая бас амралтын өдрүүдээр Засгийн газар, яамд, сайд нар, Хэрэг эрхлэх газрынхантай ярьж хэлэлцээд ерөнхийдөө зөвшилцөлд хүрч байгаа.

Энэ шийдлүүдийг Ерөнхийлөгч болчихоод яриад байгаа юм биш, 2010 оноос надад үүрэг өгсний дагуу судалгааны нэлээд ажил хийсэн. Үүнийг ажил болгоё гэсэн саналуудыг л яриад байгаа юм.

25 дугаар суваг телевизийн сэтгүүлч С.Насанжаргал: –Онцгой байдал зарласнаар хамгийн түрүүнд хийгдэх алхмууд юу вэ? Энэ байдал утааг эсэргүүцэж байгаа хүмүүст эерэг боловч хот, улсын нэр хүндэд сөрөг байж болох уу?

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: –УИХ-д энэ эрх нь байгаа. Иргэдийнхээ хүсэлтийг сонсоод Ерөнхийлөгч УИХ-д саналаа өгч байгаа юм. УИХ хэлэлцээд онц байдалд хүрээгүй байна. Хүрсэн байна гэдгээр шийдвэр гаргана. Сая чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Утаатай нам гэлгүй монголчууд бүгдээрээ тэмцэж ялъя” гэж зөв хэлж байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг  “Утаанд зориулсан мөнгөнд эзэн байгаа. Энэ эздийг АТГ шалгаач” гэж маш тодорхой санал ярьж байна. Энэ нь эзэнтэй, шийдвэр гаргасан хүнтэй. Утаа багасаагүй юм чинь хариуцлага үүрэх ёстой. Мөнгийг нь буцааж аваад утааны эсрэг хийгдэж байгаа зүйлд зарцуулъя гэж УИХ-ын гишүүдээс эрүүл саналууд гарч байна. Ингээд сэтгүүлчдэд бүгдэд нь баярлалаа гэв.


Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …