Ер нь улс төрийн түвшинд Монголчуудыг өөр хооронд нь хагаралдуулах бодлогыг ихэвчлэн гаднаас захиалсан байдаг. Харамсалтай нь бодлогыг гүйцэтгэгчид нь Монголчууд бид өөрсдөө байдаг нь түүхийн гашуун, эмгэнэлт үнэн. Монгол ноёдууд өөр хоорондоо хагаралдаж тэмцэлдэх тутамд аль нэг талыг нь дэмжих замаар гаднынхан ашиг хонжоо олж, Монголыг сулруулж ирсэн түүхтэй. Энэ түүх одоо ч орчин үеийн хэлбэрт ороод явж л байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өчигдөр “Эв нэгдэл хүссэн ч эс чадах 2018 он” гэсэн гарчигтай нийтлэл веб сайтуудаар зохион байгуулалттай тарж, яг энэ гарчгийг зүүсэн мэдээг ТВ9 тэргүүтэй зарим тв гаргаж эхэллээ. Утга агуулга нь Монголын засгийн газар огцорч магадгүй, У.Хүрэлсүх сайн ажиллаж байгаа ч зарим гомдогчид үүнийг зохион байгуулна гэсэн байв. Монгол хүн амны билгээр гэдэг. Шинэ оны ажлын эхний өдөр засгийн газар огцорно гэсэн үгийг Монгол хүн бол зориуд тараахгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. У.Хүрэлсүхийн засгийн газар ажлаа дөнгөж эхлүүлж байхад 100 хоног дээр нь маанийг нь уншина гэж ярьж яваа нь цэвэр гадны захиалга гэж хардах бүрэн үндэслэл байна. Учир нь түүх давтагддаг. Түүх бол хамгийн сайн багш, даанч сурагчид нь найгүй гэдэг үг санамсаргүй үг биш юм. Монгол хүчирхэгжиж явсан 13-р зуунд ах дүүс хаадуудын дунд яс хаях замаар итгэлцлийг нь сулруулж, улмаар хуваан хүчгүйдүүлсэн байдаг. Үүний дараах бага хаадуудын үе бол тэр чигээрээ өөр хоорондын тэмцэл тулаанд туйлдан сөхөрсөн түүх байдаг. Үүнийг гаднаас зориуд зохион байгуулж, хөгжөөж байсан нь түүхийн баримт.
Монгол улс эрчимтэй хөгжлийн гараан дээрээ зогсож байна. Шинэ засгийн газрын тэргүүнээр зоримог шийдэмгий У.Хүрэлсүх томилогдон ажиллаж эхэлсэн. Монголчуудад зоригтой, эрс шийдэмгий шийдвэр гаргах удирдагч, лидер хэрэгтэй байлаа. Харин одоо Монголын зоригийг мохоох, магадгүй сүүлийн итгэл найдварыг нь нухчин дарах гадны захиалга явж байхыг, тэрэнд нь бид өөрийн мэдэлгүй хөтлөгдөн автаж байхыг үгүйсгэх арга алга. “Эв нэгдэл хүссэн ч эс чадах 2018 он” гэдэг нийтлэлээс энэ үнэр нэвт шувт ханхалж байна. Өнөөдрийн бодит байдлыг аваад үзвэл ойрын ирээдүйд Монгол улс хүч тамираа сэргээх бүрэн боломж байна.
Нэгдүгээрт тулж ирээд байсан өрийн дарамт байхгүй болсон. Энэ бол дампуурлыг зайлуулж чадсан гэсэн үг.
Хоёрдугаарт гадаад валютын нөөц нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 2,5 дахин нэмэгдэж 3 тэрбум ам доллар боллоо.
Гуравдугаарт гадаад худалдааны тэнцэл эерэг болж, Монголын бараа бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээл дээр сэргэх, цаашид тогтворжих прогнозыг гадна дотны байгууллагууд хийж эхэллээ.
Дээрээс нь ОУВС тай хамтарснаар бусад орны засгийн газрууд туслахаа амлаж, хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй Монгол улсын зээлжих зэрэглэлийг олон улсын үнэлгээний байгууллага эерэг болгон өөрчилж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэллээ. Өөрөөр хэлбэл Монгол сэргэн мандаж эхлэх гэж байна. Харин үүнийг үнс мэт хийсгэж чадах нэг л зүйл байгаа. Тэр бол улс төрийн тогтворгүй байдал ба ард иргэдийн итгэл найдварыг нь үгүй хийх. Тиймээс Монголд өнөөдөр ганцхан л чухал зүйл юу юунаас илүү хэрэгтэй байна. Тэр бол улс төрийн тогтвортой байдал юм. Эвэлбээс бид үржүүлэхийн хүрд шүү. Эвдэрбээс бид хуваахын хүрд шүү гэдэг үг одоо л юу юунаас илүү үнэтэй байна.