УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/ хуралдаж, 2018 онд Ардчилсан намын бүлгийн хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр “Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй. 2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйлүүд гарлаа. Үүнийг ард түмэн биеэрээ амсаж, мэдэрч байгаа. 2017 онд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа л огцруулсан асуудал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Энэ байдлаараа байвал Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал илүү муудах болно. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхийн үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно. Мөн 2018 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжих эсэхийг тодорхойлох он байх болно. 2017 оны намрын чуулган хууль тогтоомжийг өргөн барих үйл ажиллагаанд дэгийн хуулийг маш олон удаа зөрчсөн. Цаашид ийнхүү дэгийн хууль зөрчих асуудалтай Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй.” гэдгийг дуулгав.
Сүүлийн үед ОУВС-ийн хүрээнд нэмэгдээд байгаа олон татварууд нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Энэ талаар тэрбээр “Энэ хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн. Тодруулбал,Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг сөрөг дагаврыг зайлшгүй тооцох ёстой. Тиймээс ч өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцээд, эдгээр татваруудыг нэмсэн асуудлыг эргэж нэг харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрвээ эдийн засаг өсч байгаа бол иргэдийн халааснаас татвар авах зайлшгүй авах шаардлага мөн эсэхийг эргэж хараад, татваруудыг цуцлах хуулийг төсөл санаачлахыг шаардах болно. Эдийн засаг өсч байхад иргэдийн цалинг царцааж байгаа нь буруу, дундаж цалинтай иргэдийн цалингаас 15 хувийн татвар авч байгаа нь эргээд, нийгмийг ядуурал руу түлхэж буй хэрэг” гэлээ. Татвар нэмэгдсэнээс болж үүсч болох сөрөг үр дагавруудын тухайд аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн байлгахгүй байхын тулд татвараа нуудаг, давхар баланс гаргадаг далд эдийн засаг руу эрчимтэй гулгах нөхцөл байдлыг үүсгэж буй. Татвар нэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй баялаг бүтээж байгаа хүмүүсийн халааснаас аваад, нийгмийн халамж руу шилжүүлж байгаатай ижил харагдаж байгаа. 2016 онд Засгийн газрын халамжид 278 тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Гэтэл 2018 оны төлөвлөж буйгаар 776.9 тэрбум төгрөг зарцуулахаар буюу 2016 оноос гурав дахин өссөн. Бид Засгийн газарт шаардлага хүргүүлэхдээ халамжид 776.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол 100 тэрбумыг нь хүүхдүүдэд өгөхийг шаардана. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг ялгахгүй мөнгө өгөхийг шаардах юм. Мөн шатахууны онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор бензиний үнэ аажмаар өсч байна. Энэ нь иргэдийн өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс ч энэ асуудал дээр болгоомжтой хандахыг бид Засгийн газарт анхааруулж, шаардах болно.