МАХН-ын удирдлагууд өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж, залилан хийсэн талаар АТГ-т хандсан талаараа мэдээлсэн хийсэн юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд хариу мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний нэр төрд халдаж байна. Маргааш болох гэж байгаа Улсын Дээд Шүүхийн хуралд шууд болон шууд бусаар нөлөөлөх зорилготой хэвлэлийн хурал хийсэн. МАХН-ын Их чуулганы шийдвэр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхтэй холбогдуулан Улсын дээд шүүх маргааш буюу 2018.01.05-ны өдөр хуралдаж, 10:30 минутад шийдвэр гаргах ёстой.Процесс явцыг харахад Дээд Шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр орой 17:00 цагийн үед тайлангийн хурлынхаа дагуу шүүгчийг хуваарилсан байна.
Томилогдсон шүүгчид бид материалаа өгөх гэсэн боловч маргааш шууд хурал хийнэ гэсэн. Бид нарт нотлох баримт цуглуулах хугацаа өгөхгүй байна. Энэ бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар шууд болон шууд бусаар шүүхэд нөлөөлж байна гэж хардаж байна. Маш олон удаа миний нэр төрд халдаж байгаа. Энэ талаар ТЕГ дээр шалгалт явагдаж байгаа. Миний амь нас, эрүүл мэндэд халдана гэж сүрдүүлсэн.МАХН-ын эгэл жирийн гишүүдийг мөрдөн мөшгөж, хавчин гадуурхаж байна. Олон хүмүүс намайг эргүүлэн татах талаар ярьж байгаа. Шаардлагатай бол УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна. Хамгийн гол нь шударга ёсны талд зогсоно. Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын даргаар мөнхийн байх ёстой юм биш. Би өнөөдөр прокурор руу албан тоот явуулна. Н.Энхбаяр дарга 40 мянган доллараа Шийлэгдамбад төл. Шийлэгдамба гэдэг хүн таван жилийн ял авчихсан. 40 мянган долларыг авсан гэдэг нь баримтаар тогтоогдсон” гэж мэдэгдлээ.