Хориёоши III: Япон шивээс бүхэлдээ билэг тэмдэг, түүхийн шинж чанартай

Японы уламжлалт шивээс нь бусад оронд хөгжсөн шивээсний төрлүүдээс эрс ялгарна. Ихэвчлэн бүхэл бие, хөл, гуя, шилбэ, гарын бугалгыг битүүлж шивэх ба хүзүү, хөл гарын сарвуунд шивдэггүйн учир нь хувцас өмсөх үедээ шивээсээ бүрэн далдлах зориулалттай юм. Мөн Япон шивээс бүхэлдээ билэг тэмдгийн шинж чанартай байдаг. Эдогийн үе буюу 1603-1868 оноос өмнө дэлгэрсэн.

XVIII-р зууны үед Японы улаан дэнлүүний дүүргүүдэд шивээс тархан, түүхэн холбогдолтой үгс биен дээрээ шивүүлдэг болов. Энэ үед Японы алдартай модон сийлбэр урлалуудыг хийдэг байсан сийлбэрчид Японы түүхийн хоёр дахь сонгодог бүтээл болох Японы он тооллын бичиг гэх мэт эртний номууд, Кабуки театрын сүнс, гүн ухаантай холбоотой домгуудаас сэдэвлэн шивээс хийдэг байжээ.


“Шивээсээ хэн нэгэнд үзүүлэх нь зарим талаар тухайн харсан хүнийг сүрдүүлж буй хэрэг юм. Олон нийтийн газар эсвэл нийтийн халуун усны газар (onsen) -д шивээсээ ил харуулвал бусдыг үл хүндэлж буй доромж утгаар хүмүүс хүлээж авах нь элбэг. Учир нь удаан хугацааны туршид зөвхөн Якуза нар ийм төрлийн том шивээс хийлгэдэг байсан” хэмээн irezumi буюу Японы уламжлалт шивээсчин Алекс Рейнке ярьсан байна.

Шивээс Японд урлаг маягаар хөгжиж ирсэн. Ихэнхдээ Самурай болон гейша нар хийлгэдэг байсан бол өнөө цагт якуза нар хийлгэдэг болсон. Японы уламжлалт шивээсчин Японы түүхээс улбаалсан маш хатуу дэг жаягтай хүмүүс байх учиртай.


Хориёоши III хэмээх өндөр настан Японы уламжлалт луу, баатар, самурай нарын шивээсийг хадгалж үлдэхийн тулд өөрийн амьдралыг зориулж явна. “Өөрийн тань зуруулахыг хүссэн зүйл түүхэн ач холбогдол, улбаа шаардлагатай. Энэ төрлийн шивээс нь манай орны түүхийн салшгүй, өвөрмөц хэсэг юм. Харин өнөөдөр энэ соёл уламжлал утгаа алдаж, хүмүүс зөвхөн хэн нэгэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх, эсвэл гоё сайхан харагдахын тулд л шивээс хийлгэдэг болжээ. Энэ нь надад ямар ч утгагүй зүйл мэт санагддаг. Миний өнөөдөр зөвхөн энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаагийн шалтгаан бол Япон орны түүхийг сэргэг, тэр хэвээр нь хадгалан үлдэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэнтэй л холбоотой” хэмээжээ.

Тэрбээр өөрийн ханыг дүүртэл Японы эртний уран зохиол, гүн ухааны номуудыг өржээ. “Шивээсээр дамжуулж өдгөө хүмүүс бараг л мартаад буй баялаг түүхийг хадгалан хамгаалах хэрэгтэй юм” хэмээсэн. 21 насандаа тэрээр өөрийн шивээсийн багш нар болох Хориёоши I, Хориёоши II нартай (түүнийг Хориёоши III хэмээн дууддаг) шивээсчдийн уулзалтан дээр танилцжээ. Тэд түүнийг шивээсийн урлагт сурган, биен дээр нь шивээс урлан өгч, өөрсдийнхөө нэрээр өөрийг нь нэрлэн цааш явах ах дүү нар бололцсон байна. Өдгөө Японд 100-аас цөөн ирэзүми буюу шивээсний урлагийн мастер байдаг.

Японы бас нэгэн алдартай шивээсний мастер Шигенори Ивасаки (Shigenori Iwasaki), “Шиге” нэрээр алдартай. Тэрээр дэлхийн хамгийн алдартай шивээсний мастеруудын нэг юм. Шиге 1970 онд Хирошимад төрсөн бөгөөд хэсэг хугацаанд Иокогама хотод “Harley-Davidson” компанид механикчаар ажиллаж байжээ. Тэр бүх зүйлийг өөрөө сурсан. Учир нь тэр үед (1995 он) Японд шивээс нйитлэг байгаагүй бөгөөд олон нийтэд хориотой байжээ.


Японы шивээс их утга учиртай, зорилготой. Нөхөрлөл, хүсэл эрмэлзэл, бие даасан байдал, хүч чадал, аз жаргал, урт удаан амьдрал, хөгжил дэвшил, эрч хүчийг бэлгэддэг. Жишээ нь Японы эртний домогт Кой загас нь өндөр ууланд авирч гараад луу болон хувирдаг бэлгэдлийн загас. Кой загасны шивээс нь амжилт, хүсэл тэмүүллийг бэлгэддэг хэмээн Япон хүмүүс ихээр хийлгэдэг бөгөөд өнөө үед өөр улсын иргэд ч хийлгэх нь их болжээ. Эрт үед Самурайн эр зоригийг илэрхийлдэг байсан ч гэж ярьдаг.

 


Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …