Түүний нөлөөгөөр Энэтхэг Британийн эзэнт гүрнээс 1947 онд тусгаар тогтносон. Гандийн иргэний хүчирхийлэлгүй тэмцэл нь дэлхийн дахинд иргэний эрхийн төлөө тэмцлийн жишиг болж, колоничлолын задралд нэмэр болжээ. Энэтхэгт түүнийг «Махатма» (хүндэт), «Бапу» (эцэг) гэж авгайлсан. Тэрээр 1869 онд Гужарат мужийн Порбандар хотод төржээ.
Гандигийн улс төрийн үзэл санаа, улс төрийн манлайлал Өмнөд Африкт байсан жилүүдэд нь тогтсон бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шударга бус байдлын эсрэг Өмнөд Африкийн хууль ёсны хүрээнд үгээ хэлсээр байв. Турк дэх Османы эзэнт гүрэн дайнд ялагдаж, халиф байхгүй болсонд Британийн Энэтхэг дэх лал шашинтнууд үгээ нэгтгэж хөдөлгөөн өрнүүлэв. Ганди тэдний төлөөлөгч, илтгэгч байснаараа лал шашинтнаас өргөн дэмжлэг хүртсэн ба Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хиндү, лал шашинтныг нэгэн талд оруулан хөдөлгөв. Ганди олон соёлын дэмжлэг хүртсэн үндэсний манлайлагч болж 1920 онд намын гол хүн болсон.
1921 онд Энэтхэгийн үндэсний хурал «Өөрийгөө засаглах» (свараж) зорилго бүхий шинэ үндсэн хууль баталжээ. Үл хамтрах үзэл санааны хүрээнд Британи гэх мэт гадаадын бараа хэрэглэхгүй, Британид үйлдвэрлэсэн даавууг хэрэглэхийн оронд гэртээ хийж өмсөх гэх мэт «Өөрийгөө хангах» (свадеши) гэсэн эдийн засгийн тэмцлийг уриалсан байдаг.
Ганди улс орон хуваагдахын эсрэг байсан бөгөөд аллагагүй эв зүйгээ олохыг сануулан өлсгөлөн зарлав. Үүний үр дүнд Энэтхэг-Пакистаны хэлэлцээр болж хурцадмал байдлыг намжаах, хүний амь бага үрэхийг чухалчилжээ. 1948 оны 1 сарын 30 буюу өлсгөлөн зогсоосноос 12 хоногийн дараа Шинэ Дели дэх Бирла харшид (одоо музей) алагдсан. Хиндү махасаба намын долоон алуурчин 20-нд тэсрэх бөмбөг амжилтгүй шидэж, харин 30-ны орой Натурам Годзе гурван удаа буудан Гандийн амийг хөнөөжээ. Годзе хэт хиндү үндсэрхэг үзэлтэн байсан бөгөөд Гандийн хүч үл хэрэглэх үзэл санааг нь эсэргүүцсэн, Пакистаныг зөөлөн тавьж орхисон гэсэн шалтгаан дурдсан гэдэг.
Ингээд дэлхийн сая сая хүнд үлгэр жишээ болж, итгэл, зориг хайрлан, Энэтхэг орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулсан эрхэм түүний алдартай үгсээс хүргэе.
-Маргааш үхэх юм шиг амьдар. Үүрд амьдрах юм шиг суралц
-Хүн байхаас илүү хүмүүнлэг байхад зорих нь илүү гайхалтай
-Чи зөөлөн байж чадвал дэлхийг доргионо
-Өөрийгөө өөрчлөхийг хүсвэл эхлээд өөрийгөө хянаж сур
-Хэнд ч бохир хөлөөрөө сэтгэлээр чинь туучих зөвшөөрөл бүү өг
-Сул дорой хүн бусдыг хэзээ ч уучилж чадахгүй. Уучилж чаддаг байх нь хүчирхэг хүний араншин
-Алдаа гаргах эрх чөлөө үгүй бол түүнийг жинхэнэ эрх чөлөө гэхгүй
-Бид бусдын юу хийхийг нь хүлээж суух ёсгүй
-Өөрийгөө олох хамгийн сайн арга бол бусдын төлөө амьдрах явдал юм
-Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг сул дорой гэж үзэх ёсгүй. Ингэж үзэх нь шударга бус хэрэг
-Дэлхий хүн бүрийн хэрэгтэй зүйлийг өгдөг ч шуналыг нь гүйцээж чадахгүй
-Уян зөөлөн байдал хүчирхэг хүний зэвсэг мөн
-Одоо хэн байх нь өнгөрсөнд бодсон бодлуудын үр дүн
-Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Энэ талаар ямагт бод
-Эхлээд тэд чамайг үл хайхарна. Дараад нь чам руу инээлдэнэ, чамтай тэмцэж эхэлнэ. Тэгээд чи ялна
-Нүдийг нүдээр соливол бүх дэлхий сохор болох болно
-Аз жаргал юу бодож, юу хэлж, юу хийх чинь хоорондоо зохирч байхад бий болдог