Гадаадын хэвлэлийн агентлагууд Монгол улсыг 2017 онд дампуурлаа зарлана гэж бүр 2015 онд бичиж байв. Ингэж бичсэн хэвлэлийн агентлагийн нэг нь Шинхуа. Одоогоос 3 жилийн өмнө энэ бичиглэлийг манай дотоодын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байсан юм. Хувийн хэвшлийн өр 2009 онд 920 сая доллар байснаа 2010 онд ганц жилийн дотор 4.3 дахин нэмэгдэж шууд 4 тэрбум доллар боллоо. Үүний нотолгоо нь 2015 онд Ч.Сайханбилэг ерөнхий сайд болмогцоо хувийн хэвшлийг “бэйлаут” буюу улсаас санхүүжүүлэх замаар дампуурлаас гаргана гэж байв. Гэхдээ үүнд мөнгө хэрэгтэй гэдэг нь мэдээж. Ч.Сайханбилэгийн засгийн газарт санаа байвч сачий байгаагүй. Сачий нь ОУВС ийн хөтөлбөрт хамрагдах гэдгийг тэд мэдэж байсан төдийгүй хүсэлт тавьсан ч энэ нь бүтэлтэй болоогүй юм. Харин 2016 онд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож үүнийг нь У.Хүрэлсүхийн засгийн газар амжилттай үргэлжлүүлсэнээр дампуурлыг зайлуулж чадсан нь 2017 оны түүхэн үйл явдал болон үлдлээ. Гэхдээ ОУВС татвар нэмэх алхамыг хөтөлбөрт хамруулах болзол болгон тавьсан. Дампуурах уу? эсвэл зарим татвар нэмээд ч гэсэн дампуурлыг зайлуулах уу? Энэ хоёр замын хоёр дахь замаар нь одоо Монгол улс явж байна.
ОУВС-ийн судалгаагаар сүүлийн 200 жилд 84 улс орон дампуурч байжээ. Үүн дотор Грек улс 6 удаа дампуурч байсан бол өнөөгийн хүчирхэг гүрэн АНУ 5 удаа дампуурч байсан байх юм. Цаашлаад Япон, Их Британи, Герман, Хятад гээд хүчирхэг улс орнууд өрийн дампууралд орж байсан байдаг.
Дампуурсан орон ямар болдогийг бид сайн мэдэхгүй. Яагаад гэвэл бид тийм зүйл үзэж байгаагүй. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэж үнэн ажгуу. Дампуурал зарласан компанийн өмч хөрөнгийг зараад зээлдүүлэгчдэд нь хувааж өгдөг. Товчоор хэлэхэд хоёр чихийг нь огтолж авч байна гэсэн үг. Харин дампуурсан улсыг яадаг вэ? Хамгийн түрүүнд олон улсын шүүхэд дуудагдана. Энэ бол нүдний булайгаа дэлхий даяар чирж байна гэсэн үг. Ингэж шившигтэйгээ хутгалдсан оронд итгэх гадаадын хөрөнгө оруулагч байдаггүй. Тэд бүгд хөрөнгөө аваад зугтаахаас гадна танил найз нөхөддөө тэр улс руу зүглээд хэрэггүй гэдэг зөвлөгөө өгнө. Ингээд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларч дампуурал нь нийтийн санхүүгийн хямрал болон хувирдаг. Санхүүгийн хямрал нь араасаа ажилгүйчүүдийн өргөн фронтыг дагуулна, ажилгүйдлээс үүдсэн ядуурал эрчээ аваад эхлэхээр ходоод хоосон хүн төр засагруугаа мод чулуу барин давшилдаг нь зүй тогтол болон түүхэнд бичигджээ. Үнэндээ дефолт буюу дампууралын хор хохиролыг жирийн ард иргэд нус нулимас, эрүүл мэнд, амь насаараа төлж харин буруу шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд хариуцлагаас зугтан алга болдог жишиг тогтжээ. Дампуурсан улсуудын ойрын жишээ болох Грек, Венесуэл зэрэг орнуудад ийм л юм болж байна. Дөнгөж 2 сарын өмнө дампуурал зарласан Венесуэл улсын иргэд хүнс тэжээлийн хомсдолоос болж жилд 9 кг турсан гэдэг мэдээ байна.