Хэдэн зууны турш Румыны хэд хэдэн хэсэгт ард иргэд нь шашныг хийгээд улирал солигдож байгааг бэлгэдэж гудамж, талбайдаа уламжлалт баяраа жилд нэг удаа тэмдэглэсээр өнөөдрийг хүрчээ. Румынууд ардын уламжлалаа сайн хадгалсан хүмүүс агаад энэ өдрөөр хөгжмийн зэмсгийн аянд бүжиглэж, зарим зан үйлийг хийдэг байна.
Тэд үхэрт зориулж хийсэн том хонх дуугарган муу сүнсийг зайлуулж, аз жаргалыг даллан дуудах үйл хийдэг. Румынууд уламжлалт ёслолоо хийж буй эдгээр зургийг гэрэл зурагчин Алекс Робкиук авчээ.
Румын нь Зүүн Европт орших улс юм. Баруун урд талаараа Серби, баруун талаараа Унгар, хойд талаараа Украин, зүүн хойд талаараа Молдав, өмнө талаараа Болгар улстай хиллэх бөгөөд зүүн талаараа Хар тэнгисээр хүрээлэгдэнэ. Нийслэл нь Бухарест хот. Зүүн Европын слав гаралтай улсууд дунд орших Ром гаралтай улс бөгөөд цорын ганц албан ёсны хэл нь румын хэл юм. Үнэн алдартны шашны нөлөө ихтэй.
Төрийн далбаа нь Чадын төрийн далбаатай андуурагдах тохиолдол их байдаг ч Румыны төрийн далбааны цэнхэр өнгө нь арай бүдэг юм. 1989 онд ардчилсан системд шилжих хүртэл төрийн далбааны голд нь тэр үеийн төрийн сүлд нь дүрслэгдсэн байдаг байв.
19 гаруй сая хүн амтай Румыны Серби, Болгар улстай хиллэх хил нь ерөнхийдөө Дунай мөрний дагуу байдаг. Молдавтай хиллэх хил болох Прут гол нь Дунай мөрөнтэй нийлж, Хар тэнгист цутгана. Дунай мөрний адаг дельт нь тусгай хамгаалалттай.