Тэнгэр баганадсан барилгууд, хотын төв дэх фламинго, хоёр давхар трамвай, ногоон толгод, урлагийн хотхон гээд сонирхох зүйл ихтэй Хонконг Ази дахь дэлхийн санхүүгийн томоохон төв хот, БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг. Нөгөө нь Макао. Долоон сая гаруй хүн амтай Хонконг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандун мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын тэнгис оршино.
Хүмүүс эндэхийн Викториа Пийк уулнаас зураг их авдаг. Та Пийк уулан дээр гарч үзээгүй бол бараг л хотыг үзээгүй гэж хэлэхэд болно. Хонконгт 10 удаа очоод ч энэ уулан дээр гарч үзээгүй хүн нэлээдгүй байдаг. Харин жуулчдын хөтөлбөрийн хувьд бол энэ газар хамгийн эхний, хамгийн чухал газар юм. Эндээс л та ямар газар ирсэнээ бүрэн дүүрэн харах боломжтой.
Та эндээс өндөр барилгуудаас гадна Хонконг болон Коулуны хойгийг заагласан ногоон толгод, Викториа боомтыг харах болно. Энэ нь Хятадын уламжлалт төрх болон шинэ, барууны хэв маягтай Хятад хоёрын хил хязгаар л гэсэн үг. Хонконг анх XIX зуунд Британийн колони болсон ба 1997 онд БНХАУ-д шилжих хүртлээ Нэгдсэн Вант улсын харьяа нутаг байлаа.
Сүүлийн 17 жилийн хугацаанд Хонконг Хятадын нэг хэсэг болж бага зэрэг өөрчлөгдсөн хэдий ч Европ соёл бүр мөсөн арилсангүй юм. Тэд англи болон хятад гэх албан ёсны хоёр хэлтэй ба кантон дуудлагаар ярилцдаг билээ. Хэдийгээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд Хонконг орсон ч одоо хүртэл Засгийн газрын оролцоогүй эдийн засгийн бие даасан бодлого явуулдаг.